10 хоногийн випашяна бясалгал. Амьдралаас зугтсан гэх үү, амралтаа авсан гэх үү. Бүхнийг хаяад өөрийгөө аван явж одоод, уулын энгэрт завилж суухдаа эхний зургаан өдөр цаг ч харсангүй, царайгаа ч тольдсонгүй. Хонх дуугарахад сэрж, хонх дуугарахад идэх нь тодорхойгоос хойш юу ч бодолгүй биеэ, бодлоо бусдад даатгаж орхиод урсгалыг даган хөвсөөр л байв. Яг одоо, яг энд. Төвлөр. Мэдрэмжээ л анзаар. Надтай, надгүй орж, гарах амьсгал. Хүссэн хүсээгүй төрж, устах мэдрэмж. Өнгөрөөсөөр л… Төрье гэж төрөөгүй, үхье гээд ч үхэхгүй үйлийн үрдээ орооцолдсон орчлонгийн эргүүлэгт гацсан ийм л тавилан. Хүний амьдрал.
Том, том алхах хөлийн чимээнээр харин нэгэн дурсамж тодрон, тодорсоор намайг тосон ирээд, бүрхэн авахад “Тэгш амгалан” гэж дотроо чимээгүйхэн шивнээд “Зугтаж холдохгүй. Зууралдаж тэмцэлдэхгүй. Зүгээр л ажиглая” гэж нуруугаа цэхлэн завилан суухад хоёр нүднээс минь нулимс урссаар байсан юм.
Айлын хүүхдүүдтэй тоглон хөндөгдөөд, тунирхаж гомдоод гэр өөдөө хурдлан гүйх жижигхэн Абуу. Миний бага нас. Амьсгаа даран хаалга түшин зогсоод, хошуугаа унжуулан аав өөд ширтэхэд “Газар шүргэлээ” гэж сандран хоймрын суудлаасаа хоёрхон алхаад ирэхдээ, уруулыг минь гараараа шүргээд, хоёр суганаас минь тэврэн авч гадагш гарахдаа тэнгэр өөд өргөж тоглох миний муу аав…
Эрхээрээ хатсан миний нүдэнд нулимс дүүрэн халихад аавын минь нүүрэн дээр хур болон асгарч, намайг л аргадаж төвдөөгүйдээ улам сандрахдаа элгэндээ чанга гэгч нь тэврээд толгойг минь илэн духан дээр минь үнэрлэх миний муу аав… Улам шунан өнгийн харахад “Мөнх бус” гэж шивнэн надаас холдон одох дурсамж… Нулимсандаа түлэгдсэн хацар хорсож, бодолдоо зангирсан хоолой чичрэхэд “Амьсгалаа л мэдэр” гэж өөртөө дахин нэг шивнээд улам цэхрэн суухдаа яагаад энд байгаагаа улам хүчтэй ойлгосон. Миний л үнэн.
Випашяна бол бодитоор харах, үлэмж тольдохуй гэсэн утгатай. Бясалгалын 10 хоног хэнтэй ч, юу ч ярихгүй. Харц тулгарахгүй. Юм бодохгүй. Өөр зүйлийг ажиглахгүй. Өглөөний дөрвөн цагаас оройны 21 цагийн хооронд хоолны цаг, амралтын цагаас бусад үед бясалгалын олбог дээрээ завилан суугаад өөрийн мэдрэмжээ ажиглах. Дотоод гүн рүүгээ төвлөрөх. Орой бүрийн бурхан багшийн айлдвар. Номын сонсгол. Мэдлэгийг “Бусдаас сонссон мэдлэг. Өөрөө боловсруулж ойлгосон мэдлэг. Туршлагаар таньсан мэдлэг” гэж гурав ангилна. “Өөрийн туршлагаар туулсан бүхэн л үнэн” гэж хэлдэг хэсэг маш тод үлджээ. Тэгээд л багшийг “Үнэн жаргалан, үнэн амгалан” гэж давтан хэлэхэд хуурамч бүхэн надаас зугтан одоод, үнэн бүхэн бүрхэн авах шиг санагдсан.
Ганцаараа амьдарч эхлээд зургаан жил болжээ. Анх тусдаа гараад ажлаа хийж суугаад ядарсандаа болоод ширээгээ дэрлээд унтчихаад сэрэхдээ би хов хоосон руу гөлрөн хэсэг суугаад, араас нь нөгөө л том том нулимсаа унагахдаа “Гав ганцаараа байж уйлаад ч яахав дээ. Өөрөө л орондоо очиж унтах ёстой байж…” гэж бодохдоо хатуужиж эхэлсэн юм. Тэрнээс хойш “Хаана ч унтаад өгсөн аав ирж намайг тэвэрч өргөөд, оронд маань оруулж хөнжлөөр хучихдаа духан дээр минь удаанаар үнэрлэдэг сэн…” гэдгийг ойлгосон. Харин дараа нь өөрийгөө чанга гэгч нь тэврээд, гарынхаа алган дээр үнсээд духаа цохидог ёслолыг хаанаас ч юм сурчихаад, сэтгэлээр унах үедээ өөртөө үйлддэг болсон билээ.
Долоо хоногтоо дор хаяж хоёр цэцэг. Хэнээс ч юм илгээсэн хээнцэр бэлэг. Үнэртэй усны цуглуулга. Амлалт бичсэн хайрын зурвасууд… Онгирч байгаа юм биш шүү. Хэтэрхий их бүхэнд хамгаалалтын механизм маань л сайн ажиллаж, хамгийн сайн зугтаагч болсноос “Хамтдаа байх гоёл чимэглэлээ л хайсан хүмүүс хайрыг ч хэдэн сарнайгаар л төсөөлдөг” юм шив дээ гэж бодож, дүгнэхэд л хүргэснээс хэтрэхгүй.
Байрны төлбөр, хүнсний зардал, их сургуулийн хичээл, ажлын даалгаврууд… Тооцоо бүртгэлээ алдахгүй гэсэндээ тэмдэглэсээр үзгэндээ элэгдээд томбойчихсон баруун гарын дунд хуруу, өнгөрсөн цагаас үлдсэн хаяж чадаагүй тэмдэглэлийн дэвтэрнүүд… Миний үнэн. Өвдөхөд маань хэн ч байхгүйг санаж эрүүл амьдралын хэв маягт хэвшсэнээс төлөвшиж тогтсон миний бие, гэдэсний булчин.
Манайх сургуулийн өмнө улаан тоосгон хүнсний дэлгүүр ажлуулдаг байлаа. 10 жил худалдагч хийсний дараа, их сургуулиа төгсөх жил аав маань дэлгүүрээ буулгаж томсгохоор шийдсэн юм. Гурван охинтой аавдаа хүүгийн дайтай туслах гэсэн шазуур эгч бид хоёрт аль альд нь байсаан. Буулгаж байсан тоосгонуудаас бүтнийг нь ялгаж, дахин ашиглахад зориулж өрж байхдаа аавыг тэнд сууж байсныг мэдэлгүй нэгийг нь аваад шидчихсэн юм. “Ёооё” гэх дуунаар сандарч очоод бээлийг нь тайлахад баруун гарынх нь эрхий хуруу язарчихсан, хумс нь бүтэн салчихсан байж билээ. Айж сандрахдаа би “Зүгээр үү, яах уу, уучлаарай” гэж уйлчих шахан үглэж байхад мах нь задарчихсан, цус нь урсаж байж нөгөө л юу ч болоогүй мэт амгалан төрхөөрөө “Би зүгээр ээ” гэж тайван хэлээд толгойг минь зүүн гараараа эв хавгүй илж, духан дээр минь үнэрлээд, “Миний охин эмийн сан руу гүйчээд ир ээ” гэж билээ. Би хамгийн хурднаараа гүйсээн. Нэг л мэдэхэд буцаад ирчихсэн аавынхаа хөлд сөхрөн суугаад, тамедины уусмал гар дээр нь асгаад хумсыг нь тавьж эм түрхээд, бентээр ороож боосон. Гавъяа байгуулсан хүнийг магтаж байгаа аятай “Ямар хурдан гүйгээ вэ. Ямар чанга боодог юм бэ. Мундаг шүү миний охин” гэж хэлэхэд нь гэм хийснээ ч мартчихсан хөөрч, онгирч байснаа санахад нүүр улайх шиг… Намайг л айчихвий, иччихвий гэсэндээ “Зүгээр ээ” гэж хэлсэн аавдаа өвчин намдаах эм аваагүйгээ 10 жилийн дараа санасан харуулсал. Ингэж өвддөг байх нь ээ. Хүний сэтгэл.
Үгээр бичихэд ард нь үлдээд байгаа тэр айдас, сандрал, нулимс, хөлс… Тэвчээр. Гэмшил. Бүдэгхэн санагддаг дурсамж төдий үйл явдлууд амьдралын замд нулимсаар минь услагдаж, инээдээр ээгдэн… Аавын минь үлдээсэн тэр л үрийг ургуулж, цээжин дотор минь жинхэнэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шиг… Тэвчиж тэсээгүй бүхэндээ “Минийх байсан бол би тэсэх байсан шүү дээ” хэзээ л аав шигээ тийм амгалан сэтгэлийг олох юм бол гэж уужирна. Би уучилнаа. Намайг хуурсан, намайг өвтгөсөн бүхнийг… Тэр сэтгэлийн тэнхээг олохыг хүснэ. Гэхдээ надад тийм хүч одоохондоо байхгүйг ч хүлээн зөвшөөрнө. Тэр их өвдөлтийн дараа ч … эсвэл энэ амьдралын төгсгөлд ч “Зүгээрээ”, “Би зүгээр” гэж аавынхаа амгалан хэлдэг тэр тэвчээрийг… Би хүснэ.
Гэхдээ би аавыгаа уйлж байхыг нь харсан. Нулимснаасаа нэрэлхэж надаас харцаа буруулахад нь аргадах үгээ ч олохгүй самгардаж, нурууг нь гараараа илээд араас нь чимээгүй тэврээд хамтдаа уйлахад би 13 настай, аав минь цэл залуухан 33-тай хархүү байж… “Аав нь яаж илэрхийлэхээ мэдэхгүй байнаа. Гэхдээ миний охин аавыгаа ойлгоно тэ…” гэж эхэлсэн яриа шөнөжин үргэлжилж, маргаашнаас нь бид хорвоогийн хамгийн сайн найзууд болсон юм. Зүрх сэтгэлтэй хүн гэдгийг нь мэдэхдээ дэвтэрний гол цаас дээр захидал бичиж өдрийг бараад, маргааш өглөө нь ажилдаа явахад нь хүрэмнийх нь дотор халаасанд хийж билээ. Авсан болов уу, уншсан болов уу, уншаад яасан бол, орой ирээд юу гэх бол… гээд ичиж, тэвдэж, сандарч өнжсөн бяцхан охиноор одоогийн би харин маш их бахархаж байна.
Хүнд өвдөөд эмнэлгийн өрөөнд тусгаарлагдан эмчлүүлж байхдаа миний ухаан, санаа орж гарч байсан юм. Харанхуй шөнө танихгүй газар сэрээд айсандаа хүн хайж, эмнэлгийн кордориор алхаж… Жижүүрийн эмчийг нь олж чадалгүй, толгой эргэн суухдаа аав руугаа залгаад уйлж билээ. “Битгий таслаарай” гэж завсаргүй ярьсаар ирэхдээ, халдвартай өвчтөн дээр хүн оруулахгүй гэсэн манаачийн үгийг үл тоон орж ирээд нөгөө л тэвэрч өргөдөг зангаараа элгэндээ наагаад оронд минь хүргэсэн. “Алаг үр минь бүү ай!” гэж духан дээр минь үнсэж унтуулаад, гарыг минь атган дулаацуулж суугаагаараа хоносон аавыгаа өглөө нь сэрэхдээ хараад “Одоо би айхгүй ээ. Та яв” гэж хэлснээ ч илүү тодоор санасан.
“Хайсан бүхэн дотор байдаг” гэдэг хоосон үг биш бололтой. Миний дотор муу аав минь л хамгийн их байдаг бололтой. Бясалгалын хөтөлбөрөөс ирснийхээ дараа хамгийн түрүүнд аав руугаа залгаад “Би ирчихлээ” гэж хэлсэн шигээ хамгийн түрүүнд орж ирсэн дурсамжаа бичиж хуваалцахыг хүссэн юм. Хорвоогийн хамгийн сайхан залуутай би удахгүй болзоонд явна. Яриаг минь анхааралтай сонсож, духан дээр минь үнэрлэхэд… “Мөнх бус, Мөнх бус” гэдгийг санаж Яг одоо & Яг эндээ оршино. Төрье гээд төрчихгүй, үхье гээд үхчихгүй хорвоогийн хатуу хүрдэнд бид нэг нэгэндээ үр нь болж заяах буяныг л харин хичээн тарьж явъя. Үнэн амгалан & Үнэн жаргалан ивээг.
Банзрагчгарав гэдэг найз маань маш том нууцыг надад шивнэж байгаа аятай “Чи бид өмнө насандаа унага байгаад Байдрагийн голд хамтдаа тоглож өссөн байхдаа” гэж хэлчихээд нүдээ жартайлган айлгүйтэн инээж байсан нь яагаад ч юм бас дурсагдахад “Юу яриад байгаа юм болдоо гэж гайхаж харж байгаад хариултыг нь өгөөгүй юм байна шүү дээ” гэж санасан юм. Номын садан минь “Биднийг тонгочин тоглож байхад аавууд маань сайн эрсийн хүлэг, ижлээ хамгаалсан эмнэг догшин азаргууд байсан нь гарцаагүй”. Бид нэг нэгэндээ сайныг хүснэ.
Мөнхөөр савласан мөнх бус орчлонд алаг үр минь чи бүү ай. Үнэн байхаас, өөрийнхөөрөө байхаас…Үхэхээс ч, төрөхөөс ч — Амьдрахаас бүү ай!