Аав минь жирийн нэгэн жолооч, харин ээж минь багш, тогооч, оёдолчин, худалдагч… Ёстой л дуртай бүхнээ туршиж үзсэн хүүхэн л дээ. Тэд нэг голд тоглож өсөөд, хамтдаа амьдраад 30 жил. Гэтэл одоо дөнгөж 48 настай. Гайхалтай. Охид нь харин 30 хүрэх нь… Эсрэгээрээ тэдэнд маань бас 1-р ангийн хүүхэд бий.
Би өнөөдрийг хүртэл “Ээж, аав чинь юу хийдэг вэ” гэдэг асуултад “Тэд хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэж итгэлгүйхэн хариулдаг байв. Нэрийнх нь өмнө танигдсан компани эсвэл тодорхойлогдсон албан тушаал, элдэв сэтэр зүүлт юу ч байхгүй болохоор тэр. Харин одоо тун ойлгомжтой. Тэд зүгээр л амьдардаг. Үүнийг бичиж суухад тэд маань Баянхонгорын тос даасан ааруул идэнгээ, шаргал наранд нь ээгдэн айраг залгилж суугаа… Бодох, санах, шунах зүйлгүй. Хийх ёстойгоо хийчихсэн гэсэн цээж дүүрэн итгэлээр нэг, нэгэн рүүгээ инээмсэглээд л…
Би анх хүссэн юм. Тэдэндээ сайхан амьдралыг үзүүлнэ гэж… Харин туулж яваад, туучиж гараад хартал “Элэнцгийнх нь эцэгтээ амьдрал заах” гэдэг л үг орж ирнэ. Намайг эрдэм боловсролтой болгох гэж тэд их хүссэн. Сэтгүүлч, улс төр судлаач… Ямар нэг компанийн захирал, болоогүй бас юуны ч юм багш болсон. Системтэй мэдлэг талхны мөнгөө амархан олоход хэрэгтэй л дээ. Тиймээс багш нартаа би туйлын талархаж явдаг. Гэтэл “эрдмээ” оллоо, мөнгөө ч оллоо… Тухлан суугаад “Одоо юу дутуу билээ” гээд өөрөөсөө асуухад үүнээс цааш ойлгох ёстой, түүнээс цааш ухаарах ёстой жинхэнэ амьдралын үнэнүүд өөдөөс эрээлжлэн байх шиг.
Энэ наадмаар би нэгэн эрхэм хүнтэй ярилцаж суусан юм. Чимээгүй шөнө, хүнгүй гал тогоо… Сэтгэл зүрхний ярианых нь дараа би “Энэ бүхэн яг ээж, аавын л хайр шиг. Одоо мэдэхгүй. Гэхдээ дараа нь орой руу ороход хатуу…” гэж хариулсан. Үнэ цэнтэй бүхэн ийм л энгийн байдаг жамтай бололтой. “Үнэнээ л хэлээрэй” гэж эгцлэн хараад нэвт сүлбэдэг тийм л тунгалаг харцнуудад би ухаангүй дурладаг. Тийм л харцны төлөө амьдардаг.
Би ерөөсөө ярьж чаддаггүй юм. Ямар нэг амандаа орж ирсэн зүйлийг давуулчхаад, дараа нь бодож суухдаа “Бурхан минь, би худлаа хэлчихжээ эсвэл буруу ойлгочихжээ” гэж хар толгойгоо шааж суух шиг баргар юм хаана байхав. Харин энэ л хариултдаа анх удаа өөрийгөө бүтэн тоов. Сэтгүүлчээр ажиллаж явснаасаа хойш би олон газар ажилласан. Харин энэ сайтын логогоо зүрхний хэмнэлээр хийлгэхдээ “Өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа энэ дэлхийд, өгсөж урууддаг хүний амьдралыг яг байгаагаар нь л бичье” гэж хүслээ. “Чи юу бодож байсан юм бэ” гэдэг асуултад “Би зүгээр л хүссэн юм” гэж хариулдаг болсон. Тийм ээ, ийм л байлгахыг хүслээ. Хүсэл хаашаа хөтлөхийг хамтдаа харцгаая. Ийм л хүсэл хүн төрөлхтнийг сар руу нистэл түлхэж, далайд шумбатал татсан байх гэдэгт итгэе. Бүх зүйл төгстэй ойртсон, хиймэл оюун ухаанаас ч бүхнийг асуучихаж болох ертөнцөд “зөвхөн сониуч” хандлагаар “амьд” бичвэрүүдийг хүргэхийг хичээцгээе!
Батдоржийн Бадамцэцэг
2024.07.21
Улаанбаатар хот