Услаад л, арчлаад л, хайрлаад л байвал удвал цэцэг чи улам гоё ургах нь ээ… Өнгө чинь улам сэргэж, өндөр чинь улам нэмэгдэнэ. Харах нүд баясгаж, хайрлах сэтгэл төрүүлнэ. Тиймээс ч би чамайг хавсарга салхинаас хамгаалж, хайруу жавраас нууна. Ганцхан өөртөө л нандигнаад, өр зүрхнийхээ гунигийг дарна. Энэ өвөл чамд хүйтэн санагдаж байна уу. Ийм хүйтэн өвлийг лав чи үзээгүй байх тийм үү. Тасалгааныхаа хэмийг нэмээд чамдаа зориулж ус бэлдье. Нар маргааш хаанаас тусах билээ дээ. Алив би тархиа ажлуулъя. Нээрээ чамд минь бордоо хэрэгтэй юу. Ахиухныг аваад би бэлдчихье.
Өө тийм мартах шахлаа. Кактус маань ингэхэд хаана байлаа. Хэзээ ч надад гомдож туньдаггүй кактус ингэхэд амьд уу. Хөрс нь хатаж, хүйтэнд хайрагдсан ч өргөс нэмнэ үү гэхээс өнгө нь гунддаггүй чи хачин шүү. Тэр жилийн тэсгэм өвлийг тэсээд гарсан чамд энэ жилийн хүйтэн жавар дулаан санагдаж байгаа биз, тийм үү. Кактус болж төрсөндөө харамсаж чи гунигладаггүй биз. Удвал цэцгийн адил ус надаас асуувал өргөст чиний биен дээр өнгийн цэцэг ургана биш үү. Яагаад ийм зөрүүд гэдгийг хэлж би мэдэхгүй ч хүйтэн жавар, хуурай хөрс өөрөөс чинь чамайг урвуулна шүү дээ.
Удвал цэцгийн үзэсгэлэн зөөлөн гэхэд дэндүү зөөлөнд оршино. Харин кактус хатуу гэхэд хэтэрхий хатуу, хурц гэхэд гэхэд хэтэрхий хурц.
Ингэхэд та хоёр бадам лянхуа цэцгийг мэдэх үү. Өмхий шавраас үндэслэн ургадаг ч нандин чанараа гээдэггүй, цэвэр ариуны бэлгэдэл болж улам дэлбээлэн ургадаг гэсэн. Бохир заваанаас үндэслэх атлаа хиргүй тунгалагын бэлгэдэл гэхээр хачин юм шүү.
Юм бүхэн нь хоржоон даажинтай хорвоод өнгө өнгийн цэцэгс өөр, өөрийнхөөрөө ургаж, дэлбээлж унаж хагдрах нь л үнэн юм даа.
Цэцэг эмэгтэй хүн хоёр ижил гэж хэн ч билээ нэг нь бас хэлчихсэн байдаг билүү. Ингэхэд би аль цэцгийн оршихуйг хуулбарлаж амьдраа юм бол доо. Аль эсвэл тэс өөр нэг цэцэг юм болов уу…
Уг нь хайртай хүндээ удвал цэцэг нь болон ургаж, ажил албандаа кактус цэцэг нь болж үндэслэж, амьдралын тойрогт лотус цэцэг шиг урсан хөвбал зүгээр юмсан.
Ямартай ч айсуй он үзэсгэлэнгээ нууж дэлбээлэх үзэмжит нэгэн цэцгээс ялгаагүй гэвэл өдөр бүрийг услаад л байвал өнгө нь гандалгүй ургаад л байна биз.