Xижээл насны эрэгтэй өнөөдөр дэлгүүрт бичгийн цаас аваад худалдагч руу өргөдөл бичээд өгөөч хэмээн гуйн сарвайв. Хар ажилд нухлагдсан болов уу гэмээр мойног гарын арьст нь дайр зурайх… ‘Өөрөө бич’ гээд худалдагч эгчийг түлхэхэд цог золбоогүй болсон хонин бор нүдээрээ эргэн тойрноо хэсэг ажсан. Санаа зоволт бас багахан түгшүүр мэдрэгдэв. Магадгүй “иймхэн зүйл чадахгүйдээ ичсэн” байх.
Би ч гэсэн “иймхэн зүйлийг өөрөө биччихгүй” дээ хэмээн бодон бараагаа бичүүлэв. Хэсэг хугацааны дараа цонхны хажуугаар зөрөхөд ах хүү балаа эв дүйгүйхэн бариад яг л нэгдүгээр ангийн хүүхэд шиг хичээнгүйлэн үсэг үсгээр өрөн үг бүтээж байв. Халтар цамцных нь ханцуй цаасыг бохирдуулна. Тэр ахыг удаан ажиглав. Хамгийн сүүлд энэ хүн хэзээ бал барьсан бол… Энэ бичгийн цаасыг тэр зөндөө мөнгөөр авсан байх даа…Гуниг ч төрөх шиг. Балыг нь аваад зовлонг нь сонсоод үзэг цаастай нийлүүлэн зогсохдоо өөрийгөө өрөвдсөн.
Түрүүхэн бодож байсан “иймхэн” гэдэг бодол минь тархинаас цээж руу урсаж, замдаа нүүр түлэн улайлгав.
Бид нэг нэгэндээ туслахдаа “иймхэн” гэдэг бодлыг ямар их тээдэг юм бэ дээ…
Бидэнд олгогдсон боломж бүр бас бидний бүтээсэн нөхцөл бүр өөр, өөр шүү дээ… Ихэнх нь тэр хүнийг иймхэн зүйлийг хийж чадахгүй хэмээн дооглоод өнгөрнө. Би хүртэл шүү… Гэтэл эвдэрч мойнысон гараараа тэр миний чадахгүй ямар олон зүйлийг чадсан бол… Амьдрал гэх далайн давалгаанд хэдэн удаа бударч, хэдэн удаа тэвчээр заан боссон бол…
Тэр ахын гар л бодогдоод байх юм.