“Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” гэгддэг хэсэгт энэ сарын 7-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, авто зам болон явган хүний зам барих, мөн цагдаагийн пост байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрөөс цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажилласан юм.
Н.Мандуул: Цаашид Улаанбаатар хотод буй энэ мэт хэв журамгүй цэгүүдийг шат дараалан цэгцэлж, янзлах арга хэмжээ авч ажиллана. Мөн түүнчлэн “Мангасын ам”-ны зүүн талын замын трассыг хот байгуулалтын стандартын газар баталсан байгаа. Удахгүй газар чөлөөлөлтийн ажлуудыг эхлүүлнэ. Үүгээр нийтийн эзэмшлийн талбай дээр барьж байгуулсан, хувийн ААН-үүдийн барилга байгууламж байгаа. Эдгээрийг чөлөөлж, явган хүний зам болон машин замыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн дахин төлөвлөлт гэсэн нэрийдлээр ямар ч төлөвлөлтгүй баригдсан стандартын бус барилгууд бий. Үүнд шалгалт оруулсан байгаа. Тиймээс энэ хавийг ойрын хугацаанд бүрэн цэгцэлнэ.