Өвлийн илчгүй нар туниа муутай гэрлээрээ ээж, хүхрийн хэт исэлдээ сааралтсан Улаанбаатарын саарал энэ өдрүүдийг шинэ жилийн уур амьсгал хөглөж, хүмүүсийн дотно харилцаа дулаацуулах мэт… Хүн бүр дор дороо энэ жилээ дүгнэж, ирэх жилээ төлөвлөж буй энэ үед өөрийн иогийн аяллын 1000 цагийн туршлагаасаа хуваалцах нь хэн нэгэнд хэрэг тус болж юун магад. Нэг жил нийт 8760 цагтайгаас 50%-ийг нь унтах, идэх, сатаарах гээд ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг гэж үзвэл цаана нь 4000 гаруй цаг бидний чанартай хэрэгцээнд үлддэг гэж үзэж болно. Миний хувьд 2023 оныхоо нийт 500 идэвхтэй цагийг иогт зарцуулсан. Үүнээс 200 цагийг “Иогийн багшийн мэргэшүүлэх сургалт”, 25 цагийг “Агаарын иогийн багшийн мэргэшүүлэх сургалт”, үлдсэн 275 орчим цагийг иога хийхэд зориулсан. Үндсэн ажлынхаа хажуугаар иогийн багшийн сургалтад хамрагдсан тул International Yoga School of Mongolia (IYSM) Танхим- Онлайн хосолсон анги буюу амралтын өдөр бүтэн танхимаар, ажлын өдөр оройн онлайн хичээлийг авсан. Харин иогийн дасгалаа хийхдээ Juju иога төвийн өглөөний 06:40- 07:40 цагийн ангийг сонгож хичээллэсэн. STAY иогийн төв нь 12 оролтоосоо өөрөө ангиа сонгоод явчихдаг нь надад маш их таалагддаг.
Өглөө амжихгүй бол орой ажлаа тараад явчих боломжтой нь йога тууштай хийхэд их нөлөөлдөг. Хүмүүс өөрийн онцлог, ажлын хуваарь, амьдралын хэв маяг, гэрийн байршил гээд олон хүчин зүйлээ сонгож, яг өөртөө тохирсон хуваарь гаргах нь йогад тууштай байж, эрүүл амьдралын хэв маягтай амьдрахад тусална гэж боддог. Мөн йога нь дотроо маш олон төрөл, хэв маягтай төдийгүй багшийн заах арга барил, шавийн онцлогоос хамаараад өргөн сонголт, гүнзгий ойлголт тул та өөрийн амьдралын хэв маягаа болгохыг хүсвэл нэг удаагийн сонирхлоор хандах нь хангалтгүй бөгөөд хэд хэдэн удаагийн оролдлого хийж байж дуртай хэв маягаа олж авах боломжтой юм.
Би 2017 онд уушгины маш хүнд өвчнөөр өвдөж, сэхээнд орж байсан. Бүтэн 1 жилийн хугацаанд хүчтэй эмчилгээ хийлгэсний үр дүнд аюулгүй болсон ч уушгины маань судаснууд тасарч цус алдаж байсан учраас эдгэхдээ наалдацтай болсон. Хүний арьс түлэгдэхээрээ наалдаад таталдаад эдгэдэг шиг л гэсэн үг юм даа. Тиймээс анх амьсгалын дасгалтай танилцаж, морь их унадаг болсноор 2 жилийн дотор хагалгаанд орох шаардлагагүй, ямар ч сорвигүй эдгэсэн. Йогийн асана буюу бидний мэдэхээр биеийн дасгалыг гэртээ онлайнаар хийж байгаад 2019 онд анх STAY йогийн төвийн Агаарын йогийн хичээлд хамрагдсанаар илүү гүнзгий дурласан. Тэр үед асанагаа хийхдээ амьсгалын дасгалаа хослуулаад хийтэл маргааш нь уушги хөндүүрлэчихсэн, бие буларсан өөрийгөө даахаа больчихсон явж байв. Гэтэл одоо 5 жилийн дараа агаарын йогийн багш болчихсон, хүнд дасгалууд хийсэн ч тоохооргүй эрүүл болсон байгаагаа мэдрэх нь одоо надад гайхалтай санагддаг.
Мөн энэ жил йогийн багшийн сургалтад йогийн олон төрөл, бясалгалын олон янзтай танилцаж, хийсэн нь бие, сэтгэл, оюун санаагаа ажиглаж, таньж мэдэхэд тусалсан. Хүн эхлээд болохгүй байгаа асуудалтай хэсгүүдтэйгээ танилцдаг юм шиг. Жишээлбэл миний хувьд хааяа нуруу өвдөөд байна л гээд явж байдаг. Суугаа ажил хийдэг дээрээс нь 7-р ангидаа нурууныхаа L4 сэртэн ясаа хугалж байсан болохоор өвдөх нь аргагүй ээ гээд л өнгөрдөг байсан. Гэтэл нурууны йогийн хичээл дээр аль нь ямар гажигтай, өөрчлөлттэй байгааг бүрэн мэдээд, багшаасаа зөвлөгөө авч дасгалаа тууштай хийснээр одоо ямар ч зовиургүй бүрэн эдгэсэн.
Хүн бүрийн гэмтэл, зовиур өөр болохоор хэний ч туршлагыг давтах гэсний хэрэггүй байх. Харин өөрөө өөрийгөө таньж мэдээд, нөхцөл байдлаа зөвөөр үнэлээд анагаах арга төрөл хэлбэр, жороо олж, хэрэгжүүлэх нь их чухал. Нуруугаа бүрэн эдгээж, ямар ч зовиургүй болсныхоо дараа засч, эдгээж болох зүйлийг хойшлуулаад л “Би хүүхэд байхдаа нуруугаа гэмтээж байсан юм аа” гээд гоншигноод яваад байснаа гайхсан. Хамгийн гол хэлэх санаа минь хүн яаж ч гэмтэж, шархдаж, шаналж, гутарсан байлаа гээд хэн үйлдсэн, хэзээ болсон, яагаад тэгсэн гэдгээс үл хамаарч эрүүл, аз жаргалтай болох сонголт, хариуцлага, үүрэг нь 100 хувь таны өөрийн л гарт байдаг. Энэ аймшигтай утаа ч нэг өдрийн дотор эсвэл нэг жилийн хугацаанд арилна гэсэн баталгаа байхгүй болохоор хэн нэгнийг буруутгахаас яаралтай урьтаж өөрийн амьдралаа хайрлаж цаг, минут тутамд эрүүл байх аргаа олж хэрэгжүүлэх нь зөв ч юм шиг. “Арай ч дээ энэ утаа” гээд улс төрийн тэмцэл хийж өмгөөлөх гэж байгаа бол онгоцонд хүчилтөрөгчийн төхөөрөмжөө өөрөө түрүүлж зүүхийг анхааруулдаг гэдгийг санаарай.
Йога нь бие махбодийн төдийгүй сэтгэл зүй болон оюун санааны эрүүл мэндэд ч эерэгээр хүчтэй нөлөөлдөг. Бясалгал хийж байхдаа өөрийгөө хүлээн зөвшөөрөх, асуудлуудаа олж харах, бодлын төөрөгдлөө цэгцлэх гээд л хөврөнө. Яг энэ хэсгийг нь тайлбарлана гэвэл их ярвигтай л даа. Миний хувьд тодорхой илэрхийлж чадахгүй байгаа ч биемахбодь маань эрүүлжсэнээс гадна сэтгэл зүй, оюун санааны хувьд илт эерэг өөрчлөлт мэдрэгдэж байгаа. Жишээлбэл, 4-р сараас 12 сар хүртэл би Ням гараг бүрийн өглөө 8–9 цагийн хооронд “Нарны ёсолгоо-108” дасгалыг хийнэ гэдэг зорилго тавиад түүндээ хүрч чадсан. 12 хөдөлгөөнөөс бүрдсэн дасгалыг биеэ хөгжүүлэх гэж хийж байгаа мэт боловч 35 долоо хоногийн турш ямар ч нөхцөлд, ямар ч сэтгэл зүйтэй байсан яг л нэг дасгалаа нэг цагтаа заавал хийнэ гэдэг нь биеийн хүчээс гадна сэтгэл зүй, оюун санааны олон ур чадварыг шаардсан. 8 сарын турш Ням гараг бүр 1 цаг дасгал хийхэд үнэндээ 35 цагийг л зарцуулсан мөртлөө хүртсэн ашиг тус, өсөлт хөгжил нь үнэлээд баршгүй мэт санагдаж байна. 2024 он 52 долоо хоногтой. Хэрвээ та 7 хоногт 1 цагийг эрчимтэй дасгал хөдөлгөөнд зарцуулна гэж тооцож, түүндээ хүрвэл жилийн эцэст 52 цагийг дасгал хийхэд зарцуулж гайхалтай үр дүнг мэдрэх болно. Гэхдээ энэ нь 10 хоног дараалаад өдөрт 6 цаг дасгал хийчхээд хаяна гэсэн үг биш. 7 хоног бүр, тэр дундаа тогтсон өдөрт, төлөвлөсөн дасгалаа өөрийн онцлог, түвшин нөхцөлд тааруулж зөв сэдэл зорилгоор, бүрэн төвлөрч сахилга баттай, тууштай хийнэ гэсэн үг юм шүү. Анх би йогийг уушгиа эдгээх, нуруугаа засах, өвдөлтөөсөө ангижрах, стрессээ тайлах олон зорилгоор хийж тэр ч зорилгодоо хүрч эдгэрсэн. Гэхдээ одоо йогад зарцуулсан 1000 цагийн дараа хүрэх газар, тэмүүлж буй зорилгоос маань илүү дасгалаа хийх үйл явц, процесс нь илүү гайхалтай, сэтгэл татам санагддаг болсон. Мөн йогийн аяллын замдаа танилцсан гайхалтай багш, найз нөхөд маань амьдралын маань цаг мөч бүрийг инээд хөөр, урам зориг, итгэл найдвараар гэрэлтүүлж байгаад нь чин сэтгэлээсээ талархдаг. Өвлийн илчгүй нар туниа муутай гэрлээрээ ээж, хүхрийн хэт исэлдээ сааралтсан Улаанбаатарын саарал энэ өдрүүдийг та өөрийн эрүүл амьдралын хэв маяг, эрч хүчтэй оюун бодол, амар амгалан сэтгэл зүйгээрээ хөглөж, найз нөхдийнхөө халуун дулаан хайр энэрэл аз жаргал дунд дулаацан өнгөрүүлээрэй. Хүн бүр дор бүрнээ энэ жилээ дүгнэж, ирэх жилээ төлөвлөж буй энэ үед хэрвээ таны төлөвлөгөөнд завсар зай байгаа бол “йога” гэдэг үгийг багтаахыг санал болгож байна.
Б.Бадамцэцэг 2023 он.