Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээх уриан дор нэгдсэн JCI Монгол байгууллагын залуус өндөр ур чадвартай, салбар салбарын шилдгүүдээс бүрдсэн туршлагатай мэргэжилтнүүдийг шинэ залуу үеийнхэнтэй холбон мэдлэг чадвараа солилцох Mentor Mentee төслийг дэлхий даяар хэрэгжүүлж эхэлжээ. Тус төсөл анх 2019 онд JCI Central салбар байгууллагын санаачилгаар Mentorship for rise нэрийн дор хэрэгжиж эхэлж байсан бол жилээс жилд цар хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн 124 оронд салбартай JCI байгууллагын туг төсөл болж, 40 гаруй орны 61 ментор, 63 ментийг хамран зургаан сарын турш үргэлжилж байна.Төслийн хүрээнд өмнөх жилүүдэд залуусын манлайллыг дэмжих, бизнесийн боломж олгох гэхчлэн ур чадвар, үнэт зүйлсийн солилцоог дэмжихээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байснаараа онцлогтой. Харин 2024 оны хувьд ментор болон ментий нарын хувийн өсөлт хөгжилд зориулсан салбар бүрийн мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулж, 100 хувь онлайнаар хэрэгжиж буйгаас гадна Харвардын их сургуулийн Хэлэлцээр, Инноваци, Авьяас чадварын менежмент, Олон талт байдал гэсэн дөрвөн төрлийн агуулгыг оролцогчдод эзэмшүүлж байна. JCI олон улсын байгууллага нь 18-40 насны манлайлагч залуусын нэгдэл бөгөөд нийгэм болон тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангах, эерэг өөрчлөлтийг бүтээх олон арван төслийг хэрэгжүүлдэг байна. Мөн гишүүдийнхээ манлайлал болон хувь хүний хөгжлийг дэмждэг, НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц залуусын төрийн бус байгууллага юм.