Кафед ажилладаг байхад, нэг ах пиво ууж сууснаа гэнэт над руу хараад хамаг хүчээрээ пивоныхоо шилэн аягаа аваад шидчихэж билээ. Амжиж бултсан болохоор оноогүй ч тас, няс хийн газар унасан нь мартагддаггүй юм. Гэхдээ л би гомдоогүй. Тэнэг хог вэ гээд л бодсон. Цагдаа ирээд тэр хүгийг аваад явсан билүү түүнээс хойшхийг сонирхоогүй, тэгсгээд мартчихсан.
Харин маргааш орой нь гэрийнхэндээ гараа гаргаж хоол бэлдсэн. Дэлгүүр хэсээд зөндөө юм аваад, элдэв амттан бэлтгэж, хамаг хүчээрээ хичээсэн. Бүгд амтархан идсэн ч баярлуулах гэсэн миний хичээл зүтгэлийг анзаараагүй “үл ойшоосон” юм шиг санагдсан. Уг нь манай гэрийнхэн баярлалаа гэдэг ч тэр өдөр юу болсон юм бол бүү мэд. Талархсанаа илэрхийлээгүй. Баярласан харагдаагүй. Шарандаа аяга, тавгаа тар няр хийж хураагаад, “ямар өөдгүй байнаа. Ахиж хичээхгүйдээ” гэж гомдоллон бодсон. Угтаа тэгж их хичээж байхад “баярлалаа” гэх байх гэж найдсан хэрэг. Энэ нөхцөлд аяга авч шидэж намайг айлгаснаас илүү хичээл зүтгэлийг минь анзаараагүй нь намайг “өвтгөсөн” хэрэг.
Ер нь асуудал хэр том жижгээс биш, хэрхэн хүлээн авч байгаагаас их шалтгаалдаг. Тэр хүлээн авалт дотроо хэр их итгэл, хэр их найдвар хүлээлт тээснээс л хамаардаг.
Бас нэг удаа үйлчлүүлэгч тооцоогоо хийх гэж байснаа “ширээн дээр мөнгө тавьсан. би төлсөн. чи авсан” гэж маргаан дэгдээсэн юм. Та төлөөгүй шүү дээ гэхэд, “тэгвэл нэмээд төлчихье за” хэмээн эгдүүцэхэд яагаад ч юм гомдол төрсөн. Мөнгийг нь аваад, тооцоогоо тэглээд асуудлыг шийдчихэж болох л байсан байх. Гэхдээ энэ нөхцөлд, асуудал мөнгөндөө биш “харилцаандаа” болж байгаа юм. “Нэмээд төлчихье” гэдэг үгний ард “Чи авсан” гэдэг утга явж байгаа хэрэг. Тэгээд “энэ кафе хоёр удаа төлөлт хийлгэчихлээ, эсвэл энэ охин бэлэн мөнгө аваад халаасалчихлаа” гэж буруу бодод тээсээр тэр хүн гарч одох гэж үү. Тиймээс л би гөжүүдлэн “Би аваагүй ээ, Та шалгаад үз” таны нэмэлт төлбөр хэрэггүй. Гэхдээ миний энэ хүнээс хүлээх хүлээлт зөвхөн “төлбөр” гэж бодон шазуур зуун асуудлыг хүндрүүлсэн. Нэлээд хугацааны дараа, маргаан мэтгэлцээний эцэст тэр хүн өөрөө гаргаж тавьсан тооцоогоо санамсаргүй цүнхэндээ аваад хийцэн байгаагаа мэдээд уучлал гуйсан юм. Тэр үед л сэтгэл амарсан.
Хүний нийгэм гэдэг чинь харилцаа, хүн гэдэг чинь бас сэтгэл зүйн амьтан шүү дээ.
Яагаад ийм олон зүйл бодсон бэ гэвэл өчигдөр урдаас онлайнаар захиалсан бараагаа авах гээд очиход “танд хүргэж өгсөн байна” гэв. Уучлаарай би 10 хайрцагтайг нь аваагүй ээ, бусад нь бол ирсэн гэхэд “за шалгаад хариу өгье” гээд явуулсан. Яах нь мэдэгдэхгүй таг болчхоор нь өнөөдөр утсаар залгаад, “танайх хүний захиалсан бараа өгөөгүй байж ядаж хариу өгөх хэрэгтэй шүү дээ” гэхэд “та авчихаад аваагүй гэж маргаан дэгдээлээ” гэсэн юм.
Гэнэт л бүх асуудал бараа захиалсан, авсан даа биш намайг “захиалсан бараагаа авсан. тэгээд дахин авах гэж асуудал дэгдээсэн” хүн болгож цоллосон тэр ажилтны харилцаанд шилжив. Үнэхээр бачимдаж эхлэхэд утсаа өөр хүнд шилжүүлж нөгөө хүн нь бүр “за алга болчихоор бараа биш л байна шүү дээ” гэж дооглож гал нэмэв.
Бизнест олон асуудал үүсдэг. Аль нэг шат дамжлага дээрээ эндүүрэл гарч дээ гэж бодоод тайван өнгөрүүлж болно. Гэхдээ тэр бүхнийг ойлгохоос илүүтэй элдвээр хэлүүлсэндээ шаралхаж, гомдож өнжив. Захирал өрөөндөө дуудаад ажил даалгахаар “за би бичгээр хариу өгье” гэж хэлээд “тархи нь хуруундаа байдаг юм уу” гэж шоолуулдаг шиг ээ утсаа таслаад хүргэлтийн байгууллага руу асуудлаа нэгд нэгэнгүй бичиж, өөрт төрсөн мэдрэмж, нөхцөл байдлыг тайлбарлан илгээв. Ашгүй сая залгаад “Уучлаарай. Бид нягтлаад хариу өгье. Камер шүүе” гэж хэлж байна. Өдөржин бухимдаад ч байгаа юм шиг, гомдоод ч байгаа юм шиг тавгүй байсан мэдрэмж нэгхэн үг сонсоод “аан за. асуудалгүй ээ. гол нь би авчаад аваагүй гэж хэлээгүй шүү. өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулаад шалгаад хэлээрэй” гэв. Уг нь тэд өчигдөр эсвэл өнөөдөр өдөр л олон юм ярьж, намайг буруутгаж байхаар “уучлаарай. бид шалгаад тэдэн, тэдэнд хариу өгье” гэсэн тодорхой хариулт өгсөн бол би ингэж тавгүй болохгүй л байсан байх. Дахин хариу өгөх эсэхийг мэдэхгүй. Намайг бараагаа авчаад аваагүй гэж бодсон уу эсвэл жижигхэн юман дээр ингэж асуудал үүсгээд яахав гэж бодсон уу мэдэхгүй. Ямартай ч “Болохгүй бол таны мөнгийг шилжүүлчихье” гэж хэгжүүн хэлж байгаа нь асуудлаа ойлгоогүй байгааг ч илтгэх шиг. Ийм асуудлыг зөвхөн “мөнгө”-тэй холбоотой гэж бодож зөвхөн “мөнгөөр шийдэж болно” гэж ойлгож байгаа бол ийм соёлтой байгууллагад ирээдүй гэж байхгүй. Угтаа үйлчлүүлэгч алдсан мөнгөө авсан ч итгэж үйлчлүүлсэн итгэл, найдвар хүлээлтээ алдаж байгаа юм. Мөнгө ярихаасаа түрүүлээд асуудлыг зөвөөр шийдэх гэсэн хандлага, нөхцөл байдлыг ойлгох гэсэн эрмэлзэл, хүнийг хүндэтгэсэн хүндлэл, эелдэг харилцаа байсан бол ийм таагүй мэдрэмж төрүүлэхгүй байсан ч байж магадгүй. Үйлчилгээний байгууллагын ашиг өнөөдөр мөнгөөр хэмжигдэж болох ч маргаашийнх нь ирээдүй үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар хэмжигдэнэ. Шилжүүлнэ үү, шилжүүлэхгүй байна уу, шийднэ үү шийдэхгүй байна уу буянаараа л болог дээ.
Хэн нэгэн намайг дээрэмдцэн бол сэтгэл санаа арай дээр байх биз. Харин итгээд үйлчлүүлсэн газар нь “дээрэмчин” шиг байхаар урам хугарч байгаа хэрэг. Уг нь их том ялгаатай. Зарим хүнд бол ямар ч ялгаагүй байдаг бололтой. Ямар урт юм биччихвээ ххэ. Зүгээр л элдэв бодол орж ирээд байлаа