Хийж байгаа ажилдаа улам гүн шумбаад орчлон ертөнцийг хэсэг огоорох. Гэнэт л “өө энэ чинь хөөрхий “Сизифийн чулуу” өнхрүүлэхтэй л ижил үйл лайтай ажил гэдгийг ч ор тас умартаж дээ” гэсэн бодол харвах.
Нэг иймэрхүү үед “Хээе хана доригтол инээж, газар үерэлтэл уйлъя” гэмээр хачин мэдрэмж төрдөг шүү. Эс бөгөөс тас харанхуйн дунд шигдээд нам гүм чимээгүйд мэрүүлье. Ай тэгээд би ямар энэ хорвоогийн цорын ганц хүмүүн бус. Достоевский хүртэл нэг зохиол дээрээ “хэнийг ч буруутгах аргагүй нэг тийм гашуун гомдол, хананд гараараа шааж өөрийгөө л өвтгөж эдгэнэ” гэх утгатай зүйл сарааччихсан байсансан. Шал хэрэггүй гаргалгаагүй зүйлд цагаа үрж, санаандаа тийичилж суух. Мань солиотой зохиолч угаасаа согтуу байхдаа л бичсэн биз гэж тайтгаръюу.
Уг нь нэхх шархалж, хорсоод байх исгэлэн зовлон алга. Гэхдээ яагаад ч юм. Их жижигхээн юм шиг асуудал хэрнээ сэтгэл сэмлэх биш бүр сийчээд байх юм.
Ер нь энэ улсын ард иргэд ч гэж ард иргэд, улс төрчид ч гэж улс төрчид юм. За тэгээд би ч гэж би л юм.
Испанийн Хаан Филипп III гудамжаар явж байгаад элгээ хөштөлөө инээн нулимс нь хацраа даган урсах нэгэн уншигчийг хараад “энэ хүн нэг бол галзуурсан байх эсвэл Дон Кихот л уншиж байгаа байх” гэж хэлж байсан удаатай. Намайг инээнгээ уйлж байвал Монгол Кихот эргэцүүлж сууна гэж бодоорой.
Хөөрхий хэдэн улс төрчид маань Дон Кихот аятай л аян дайнд мордсон юм шиг байгаан. Сонгууль хэмээх дайны талбарт тулалдаж явна гэж өөрсдийгөө мэдэрч буй. Бодит амьдралаас алс хөндий юм болохоор нэг гавъяа байгуулчих гээд л “салхин тээрэмтэй” хүртэл байлдаж байх жишээтэй. Би нь одоо Санчо нь ч юм уу чааваас. Хөх инээд хүрэх. Өөрийгөө шоолох. Дэлхийн хэмжээнд хэвлэгдсэн тоогоороо библийн дараа ордог бүтээл байх нь аргагүй юм байна. Яг тэр зохиол л тэр чигтээ санаанд буугаад байх юм. Ахиж авч уншмаар. Гашуун мэдрэмж торойх биз. Дон Кихот тэр чигтээ уг хүний мөн чанар л байх. Хүмүүс үхэхдээ л нэг юм ойлгохыму яах юм.
Дон Кихотыг адал явдалт гэж боддог байсан хорвоогийн хамгийн эмгэнэлт зохиол байж дээ. Нөгөө муу Кихотыг чинь түмэн олон дооглож шоолсон, дэвшүүлэн хөөргөсөн бүр галзууруулж орхидог доо. Монгол Кихотууд ч ялгаагүй бодит байтлаас тасраад “уншсан хүлэг баатрын романууддаа итгээд” өөрсдийгөө баатар хэмээн элийрнэ.
Тэгш бус байдал, эрүүл мэндийн тогтолцоо, боловсролыг системийн гажуудал… Энэ бүхэн угтаа хий хоосон. Харин “салхин тээрэм” л бодит.
Ядууг нь мэддэг хүнд “Ядуурлыг бууруулна” гэж хэлж байгаа хүн нь “Ядуурлын тухай баяны бодолтой” байх нь хөх инээд хүргэм. Күэ тэгээд одоо өөр яах ч билээ. Дон Кихот ч өрөвдөлтэй л дүр. Хэнийг нь ч буруутгах юм. Хөдөө томилолтоор очоод би лав нэхх их уйлж унжаад нус нулимсандаа хутгалдаж байсан юм. Чаавас гэж шороогоороо эргэсэн салхин дунд бүртийсэн жижигхэн гэрт ундны ус ч байхгүй нэг муу малчин хажуу сумаас усаа зөөдөгтөө их бахархаж билээ.
Эрх нь, үүрэг нь гэж юу байгааг ч түй ч мэдэхгүй. Халагламаар ч юм шиг. Харамсмаар ч юм шиг. Одоо ч тэгээд энэ амьдралын эрээнтэй бараантай нь дасаа юу даа. Хэдэн кампиталист монжнуудаа дагаад “өөрсдийнх нь арчаагүйнх” л ухааны юм лүндэгнэх шинж рүү гээ дөхөв бололтой. Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр гэдэг шиг л хувирч өөрчлөгдөж буй нь тэр биз дээ. Гэхдээ л нээрээ нэг тийм сонин өвдөлт.
Энэ бас тэгээд Камюгийн үлдээсэн өвдөлт. Этгээд хүнийг унших шиг л… Тэр бүхэн давтагдах мэт. Мерсогийн хөрш нохойтойгоо амьдрагч Саламано. Тэр өвөө урьд эхнэртэйгээ таарамж муутай, аз жаргалгүй байсан боловч дасал болсон учраас сайхан байсан тухай өгүүлдэг. Ялгаагүй нохойгоо гэнэт алга болоход санаа зовон эрж хайдаг.Харааж зүхдэг байсан ч нохойдоо дассан учраас маш хэцүү байгаа тухайгаа ярьдаг. Энэ амьдрал хөх инээд хүргэсэн ч, хөгийн мэдрэмж төрүүлсэн ч амьдралд хорогдсоор. Юм бүхэнд дасаж орхиод салж чадахгүй зууралддаг шиг.
Хэдэн нэр дэвшигчдээ шанаадаад авмаар ч… Угаас нийгэм иймээс хойш. Ганц худаг руу ачигдах л биз.
Яг л хөгшин Саламоно нохойгоо үргэлж хараан зүхэж, үзэн ядавч хамт байдаг шиг.
Юм бүхэнд дасч орхидог ч… Өөрөөрөө байж эхлэхэд алдаж эхлэх зүйлс олон.
Би нийгэмд зөвшөөрөгдөж оршихийн тулд өөрийнхөө мэдрэмжийг худал үгсээр халхавчилж, надад оноогдсон дүрд амжилттай тоглодог нь үнэн. Хэн нэгэнд таалагдаж, хэсэг бүлэгт багтахын тулд бид дүр эсгэж баг зүүх хэрэг гарна. Гэхдээ хэзээ ч ийм байхыг үл хүснэ. Энд тэсч үлдэхийн тулд тэвчиж болох ч өөрөөсөө урвахгүйн тулд тэсэрч байх ёстой.
“Итгэлээр тэжээгдэж явсан найдвар тасарсан газраас абсурд эхэлдэг” гэдэг. Монгол Кихотууд итгэл ч, найдвар ч үл төрүүлнэ. Энд ирээдүй байхгүй. Амьдрахын тулд ямар нэгэн зүйлтэй зууралдах ёстой бол “Өөртөө” л найд.
Шал хэрэггүй сарааччихав.