Зовлонгоороо ижилсэн холбогддог хүмүүс аз жаргалаараа холбогдож нэгдсэн хүмүүсээс илүү олон байгаа нь бодит байдал. Харин ихэнх хүмүүс зовлонгоосоо илүү хэн нэгэнтэй холбоотой байхыг эрхэмлэдэг учраас олон асуудал шийдэгддэггүй зарцаж үлддэг. Үүнийг наад зах нь гэр бүлийн хүчирхийлэлд байдаг мөртлөө салж чаддаггүй хосууд, ажилдаа дургүй мөртлөө гэлдэрсээр байдаг хүмүүсээс олж харж болно. Заримдаа тэд асуудлыг шийдэхийг огт хүсдэггүй. Угтаа хүн хүсвэл юуг ч өөрчилж чадна.
Ихэнх тохиолдолд тэр асуудлыг шийдчихвэл тэр харилцаа, тэр хүмүүсийн хооронд барьсан гүүр нуран унах учраас тэр. Одри Хепбурны хэлсэн “Амьдралд тэвчиж болох цор ганц зүйл бол бие биенээ л юм” гэж хэлсэн нь хүмүүс асуудлыг тэвчихгүй байж чадах ч ганцаардахгүйн тулд хүнийг нь тэвчих хэрэгтэй гэсэн утга. Хүний амьдрал бол өөр юуны ч биш зөвхөн “харилцааны тогтолцоо” юм. Харилцааны чанараас амьдралын чанар хамаарна. Амьдралаа илүү жаргалтай болгъё гэвэл бид зовлонгоороо нэгддэг хүмүүстэй холбогдохоос гадна хамтдаа жаргаж чаддаг, жаргалаараа гүүр барих харилцаануудыг угсрах хэрэгтэй. Гэтэл бас хүн жаргахаасаа ч айдаг аюултай.
Нөгөө талаар хөгжил дэвшил рүү тэмүүлж, хүн өөрөө өөрийнхөө дээр хувилбар болохын тулд тулгарсан асуудлуудыг шийдэх л ёстой. Тиймээс ганцаараа байж сурах хэрэгтэй. Энэ хоёрын тэнцвэрийг олж байж л жаргаж бас зовж сурна гэх юм уу даа.
Хүн төрөлхтөний түүхэнд үлдсэн ихэнх суут сэтгэгчид “Хүн эхлээд ганцаараа байж сурах ёстой” гэдэг агуулгыг мөн “Ганцаараа байж сурсан хүн л бусадтай байж чаддаг” гэсэн санааг тунхагласан нь ч зүгээр нэг явдал биш юм. Ихэнх сэтгэл зүйн асуудалтай хүмүүс сэтгэл зүйч дээр очоод ярихаараа “Би хэрхэн зовж байгаа вэ” гэдгээ ярих гэж зүтгэдэгээс биш “Би энэ зовлонгоосоо салмаар байна” гэж өөрийгөө хүчилж тусламж гуйдаггүй.
Угтаа хүн зовлонгоосоо илүү жаргалыг илүүд үздэг ч, “хамааралтай байх” хэрэгцээнээсээ болж зовлон дундаа түгжигддэг гэсэн үг юм. Хэрвээ та өөртэйгөө зөрчилдөж тэмцэлдэж, магадгүй сэтгэл зүйн хувьд тухгүй байдлыг мэдэрч байгаа бол “өөртөө жаргалтай байх зөвшөөрлийг өгч чадахгүй байна” гэсэн үг.
Хүмүүс бүр сэтгэлийнхээ гүнээс зовлон зүдгүүрээс илүү баяр баясгалан, тайтгарал, сэтгэл ханамжийг авчирдаг туршлага, сэтгэл хөдлөлийг илүүд үздэг. Үүнд:
- Аз жаргал: Баяр баясгалан, инээд хөөрийг авчрах мөчүүд.
- Хайр ба холболт: Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, утга учиртай харилцаа тогтооно.
- Амар амгалан, тайван: Тайван байдал, стрессээс ангид байх мэдрэмж.
- Амжилт ба амжилт: Зорилгоо биелүүлэх, зорилгоо мэдрэх.
- Эрүүл мэнд, сайн сайхан байдал: Бие махбодийн болон оюун санааны эрүүл мэнд
Гэвч бид жаргалаа “хамаарал”-тай байх буюу “зовлонгоороо холбогдох” хэрэгцээгээрээ ихэнхдээ арилжчихдаг учраас сөрөг сэтгэл хөдлөлүүд дээрээ гацдаг. Эсвэл үнэн мэдрэмжтэйгээ нүүр тулахаас айсандаа хамааралд л анхаарлаа төвлөрүүлдэг.