Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгааг шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.
АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн дарга Г.Ганбат:
2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хяналтгүй төр, сөрөг хүчингүй УИХ үүсээд байна. Хяналтгүй төрд авлига их болдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж, Засгийн газар байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг нь төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгож, ард нийт шүүмжлэхээр хоёр их наяд болгож, буурууллаа.
Өнгөрсөн жил УИХ төсвийг тодотгохгүй гэсэн зарчимтай болсон. Монгол Улс байгаагаа хэрэглэе. Гэтэл өнөөдөр гурван том нам нэгдэж, Засгийн газар байгуулсантай холбогдуулаад нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийг хоёр их наяд төгрөгөөр тодотголоо.
Хоёрдугаарт, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт авлигын шинж тэмдэгтэй олон асуудал сөхөгдөж буйг та бүхэн мэдэж байгаа. Хамтарсан гэх хяналтгүй, сөрөг хүчингүй Засгийн газар 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум доллароор тендерийн хуулийн гадуур буюу том бүтээн байгуулалт хийнэ гэж хэлж байна. Тендерийн хуулийн гадуур бүтээн байгуулалт нэрээр хулгайг үргэлжлүүлж болохгүй. 120 их наяд төгрөгийг улсын төсөвтэй холбохгүй гэдэг нь Баялгийн сангийн асуудлыг их бүтээн байгуулалт нэрээр үгүй болгох нь.
Дараагийн ярьж буй асуудал нь өрийн босгыг байхгүй болгох. Монгол Улс өнөөдрийн байдлаар 32 тэрбум долларын өртэй, үүнийг 40 тэрбумаар нэмэгдүүлж, 72 тэрбум долларын өрийн босготой болох нь. Энэ маш аюултай дохио. Эдгээрийг анхааруулж, хяналтгүй төрийг дагасан авлигын асуудал хүчтэй гарч ирэх нь гэдгийг төр засагт сануулж, хэвлэлийн хурал зохион байгуулж байна