Төрд ажилладаг нэг дүү маань өдөр шөнөгүй сууж төсөл боловсруулаад бүх судалгааг нь хийсэн тул өөрөө танилцуулна гэж бодоод УИХ чуулганд очтол албаных нь эгч нь өөрийнх нь нэрийг хасаад танилцуулчихсанд гомдчихсон, гомдсондоо бас уучихсан яваатай таарсан юм. Бид уулзахдаа үргэлж л тэврэлддэг л дээ. Манай хүн харин энэ удаад хөл дээрээ тогтож ядахдаа намайг түшиж зогчихоод “Эрэгтэй хүн яагаад архинд ордогийг би бараг л ойлгочихлоо. Миний өдөр, шөнөгүй хийсэн зүйлийг зүгээр л хулгайлчихаж болохгүй шүү дээ. Ядаж миний нэр байх ёстой. Тэр эгч уг нь дандаа л инээж, надтай гоё харьцдаг байсан” гэж үглээд “Энэ манай өвөөгийн цүнх, өвөө элчин байсныг та мэднэ дээ” гээд гартаа атгасан бор арьсан цүнхээ нүүрэн дээр наах шахан үзүүлэхэд нь өрөвдөх ч шиг, өхөөрдөх ч шиг санагдсан юм. Уг нь магистрын ангийн маань хүүхэд боловч, нэг насны зөрүүтэй намайг “Эгчээ” гэж дууддаг хүмүүжилтэй залуу. “За эгч нь уух юмаар дайлъя даа” гэж эхэлсэн бидний яриа харин манай төрийн байгаа царай, бидний хөлөө олох гэж хэрхэн хичээж байгаа бас юу болохгүй байгаа талаар шөнөжин үргэлжилсэн.
Энэ долоо хоногт надад ч яг ийм кэйс тохиолдсон бөгөөд нэг томоохон улс төрчийн ПР-ийг хариуцсан хүн хамтран ажиллах санал тавихад нь төслийн санаагаа хэлсэн юм. Төрийн байгууллагуудад угаасаа төслийн чартер, ажил гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж ажилладаг хүн цөөхөн тул би төслөө үндэслэл, зорилго, үзүүлэлт, үр дүнг бүрэн найруулж боловсруулаад файлаар нь явуулах гэж байснаа болиод цаасаар нь хэвлээд очив. Бурхан минь гэж, хүлээж байгаарай гэж 3 цаг хүлээлгэсний дараа шөнийн 22 цаг болоход “Заза, арай ч бас биш ээ” гэж бодоод явтал араас 20 минутын дараа залгаж, “Сүртэй, эмо, дэмо” элдэв янзаар маань дуудахаар нь маргааш нь “Та хүний санааг үнэлдэггүй юм гэхэд, боловсруулаад бэлэн болцон төслийг хэдээр үнэлэхээ хэлээд хамтарч ажилла даа” гэтэл үргэлжлүүлэн “Айхтар, томорсон, пээдийсэн”-гээрээ дуудуулав. Ийм нэг ядаргаатай тодорхойгүй, томорсон, доромжилсон хандлагаас залхсан би энэ удаад үнэхээр “За тийм ээ, би томорсон. Цаашаа зайл” гэж хэлээд блок хийв. Би хэвийн үедээ ч хараал хэлдэггүйг намайг мэдэх хүмүүс мэднэ. Магадгүй энэ жилийн анх удаа хэлж байгаа хараал нь “зайл” байх. Бас миний төслийг өөрийнхөө нэрээр хаяглаад бүр том дарга дээрээ орох нь тодорхой байсан биз гэж энэ найзтайгаа таарсныхаа дараа бодож инээд хүрсэн юм. Уг нь зөв санаа, боловсруулсан төсөл гол зүйл нь байдаг. Монголд л бодохыг үнэлдэггүй.
УИХ сонгуулиар би нэгэн эвсэл дээр очоод цаас боловсруулж, төлөвлөгөө гаргатал аймар бүдүүн эгч цаасыг минь базаад нүүр рүү базаж шидээд, элдэвээр харааж доромжлохоор нь өөдөөс нь үг ч хэлж чадахгүй уйлаад л гараад явчихсан. Би тэр эгчийг мөнгө унагаах, намайг зайлуулах зорилготой байсанд эргэлзэхгүй байгаа. Тэрэнд нь би л гай болоод байхгүй юу. Энийг уншвал нягтлантай нь нүүрэлдүүлвэл таарна биз… Ямар аймшигтай гай барцад нь тохиолдохоороо хүмүүс ийм увайгүй болчихсон юм бол гэж гутарсаар байтал сэтгэцийн асуудалтай болчихвий гэж үнэндээ л айх юм. Z үеийнхэнг эмо, ойлгомжгүй гэж өмнөх үеийнхэн дүгнэдэг. Үе хоорондын энэ нэршил монголд зохихгүй гэж хэлдэг ч, ямартай ч шинэ болон өмнөх үеийнхэн хоёрын зөрчил, эморлын шалтгаан “Зарчимгүй, үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй байдлын жигшүүр”-ээр хөндөгдөж, өвтгөж байгаа нь гарцаагүй мэт.
Шартчихсан найзыгаа малтаж би “Одоо тэгээд яах гэж байна даа” гэхэд “Юу ч болоогүй юм шиг инээгээд, дахин нэг өдөр хичээж ажиллах байх даа” гэсэн юм. Харин энэ удаад би “Энэ чинь тэдний хүсэл” – Тиймээс эсрэгээр нь “Зүгээр л нүүрэн дээр нь очоод үнэнийг тайван хэлчих” гэж гуйсан. “Тэд хэлэхгүй байхыг, чимээгүй өнгөрөхийг л хүсдэг. Тийм болохоор ч манай нийгэмд ийм олон увайгүй хүмүүс амжилтанд хүрсэн биз дээ. Тэгээд хийсэн нь нуруугаа авхуулж, урмаа хугалуулаад гунддаг. Бурууг өнгөрөөх чинь түүний нэг хэсэг болж байгааг ойлгох ёстой” гэж цэцэрхсэн. Харин найз маань өчигдөр нөгөө хүндээ “Та надад ингэж хандаж болохгүй байсан” гэж нүүрэн дээр нь хэлсэн гэсээн. Харин бид юу хүсдэг вэ? Бид ийм тэмцлийг хүсээгүй юм. Бид хүмүүсийг хамтарч ажилладаг, илүү нэгэндээ итгэдэг, шударга бас зөөлөн нэмээд хайр дүүрэн байгаасай гэж хүссэн. Гэтэл… Алхам тутамд л нэгнийгээ залгиж идэхэд бэлэн араа шүд нь гялалзсан араатнууд шиг аашилцгаах юм. Адгуус амьтдын биш хүний нийгмийг бүгдээрээ хамтдаа бүтээх юмсан. Харин үүнд бидний оруулж чадах хувь нэмэр нь эмороод зугтах биш эгцэлж хараад үнэнийг хэлж байх зориг бас хариуцлага л юм байна.
Рафаэл- “Афины сургууль” уран зураг. Одоо Ватиканд байдаг бүтээл нь Платон, Аримтотель зэрэг сонгодог философичид оюуны яриа өрнүүлж байгааг дүрсэлсэн байдаг. Уг зураг нь хүн төрөлхтөнд хүн амьтнаас мэдлэг, учир шалтгаан, ёс зүйн ойлголтыг эрэлхийлж байдгаараа ялгардаг гэдгийг бэлэгддэг.