Иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг. Ингэснээр чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд багтаж дахин зээл авах боломж нь хязгаарлагддаг билээ. Үүнийг иргэд хар жагсаалтад орлоо гэж ярьдаг. Тэгвэл энэ жил Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Монголбанкнаас хар жагсаалтын санд өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал зээлээ хугацаанд төлж чадаагүй ч тухайн төлбөр, зээлээ бүрэн төлж барагдуулсан чанаргүй, муу зээлийн ангилалтай иргэдийн мэдээллийг шинэчлэхээр болсон билээ.
Энэхүү шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр анхаарал хандуулах шаардлагатай, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон иргэн ААН-үүд зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг олгосон.
Тус шийдвэрийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. Ингэхдээ эхний ээлжид 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ангилагдсан, муу зээлийн ангилалтай ч зээл, өр төлбөрийн үлдэгдэлгүй бүх зээлийг хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийжээ. Үүнд 127,761 иргэн, ААН-ийн мэдээллийг хамруулсан байна. Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дах үе шат буюу дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан 27,554 иргэн, ААН –ийн мэдээллийг нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн аж.
Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагджээ.