Бурханы шашны Сажа дамжлагын Чойрын 6 ботийг дүүргэж Ажаръяа цол хэргэмийг хүртсэн Ж.Төрмөнх ламтныг Эрдэнэзуу хийдийн 26 дахь Хамба ламаар томилж, арслант ширээнд нь заллаа.
Эрдэнэзуу хийдийн хамба лам Х. Баасансүрэн, Хамба ламын мяндаг тушаалаа Ж. Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ Эрдэнэзуу хийдийн бүх гишүүдэд уламжласныг 2024 оны 5 сарын 7-ны өдрийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар Эрдэнэзуу хийдийн хамба ламаар Ажиръяа Ж. Төрмөнх ламыг баталсан билээ.
Ж.Төрмөнх лам нь 2004 онд Эрдэнэзуу хийдэд анх шавилан сууж, 2008 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэзуу хийдийн дэргэдэх хичээнгүй шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны 11 сарын 04-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд 8 жил суралцаж Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалсан.
Мөн Жорвон буюу туслах багшийн албыг хашиж тус дацандаа Ажаръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцаж ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажиллаж байсан юм.