Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын үзэсгэлэнг алдарт Симон галларейн танхимд гаргахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Ил хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лабораториудтай танилцсан юм.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар болсон юм.
Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний Музей