Оклахома мужийн Мур сургуулийн 1974 оны ахлах ангийн сурагчид 50 жилийн дараа төгсөлтийн баяраа хийжээ. Бүх сурагчид хэдийнээ ажил төрөл, гэр бүлтэй болсон ч гэлээ төгсөх жилд нь болсон хар салхины улмаас төгсөлтийн баяраа хийж чадаагүй аж. Оклахома мужийн сонинд уг үйл явдлыг онцгойлсон ба нэгэн төгсөгч ” Ач , зээ нар маань намайг төгсөхийг харах гэж бас баяр хүргэх гэж ирсэн” гэжээ.
Мур хотын ахлах сургуулийн төгсөлтийн баяр анх 1974 оны тавдугаар сарын 23-нд болох байжээ. Бүх төгсөх гэж буй сурагчид цэнхэр нөмрөг, төгсөлтийн малгайгаа өмсөөд, хөл бөмбөгийн талбай дээр зассан ёслолын сандал дээр суух үед нь захиргаанаас хар салхи ирж буйг анхааруулсан байна. Тиймээс бүх сурагчид болон гэр бүлийг нь аюулгүй газар очихыг сануулснаар ёслолын арга хэмжээ дууссан байдаг. Төгсөлтийн баярын маргааш нь бүх сурагчид аяллаар явах байсан ч чадаагүй юм. Тэд хичээлийн жил дуусахаас хэдхэн хоногийн өмнө төгсөлтийн батламжаа биеийн тамирын заалнаас авчээ.
Их сургуульд элсэхийн өмнөх сэтгэл догдлуулсан төгсөлтийн ёслол, баяраа хийж чадаагүй сурагчид олон жилийн турш сэтгэл гонсгор байсан. Гэхдээ тус сургуулийг 1988 онд төгссөн, одоо захирлын алба хашиж буй Рэйчел Старк 1974 оны төгсөх ангийнхны талаар мэдсэн даруйдаа төгсөлтийн арга хэмжээг нь хийж өгөхөөр болжээ. “Энэ бол маш онцгой мөч. Би өмнө нь энэ тухай сонсож байгаагүй. Тэд манай нийгэмлэгийн нэг хэсэг хэвээр байгаа тул бид тэдний төлөө алдагдсан баярыг нь хийх болно” гэжээ. Төгсөлтийн баяраа хийж чадаагүй бүх хүмүүстэй сургуулиас холбогдож, Бямба гаригт ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байна. Нийт 200 гаруй төгсөгчид албан ёсоор арга хэмжээнд оролцож, батламжаа гардаж авсан. Төгсөлтийн баяр болох өдөр 50 жилийн өмнөхтэй харьцуулахад нартай дулаахан байсан ба төгсөгчид сэтгэл хангалуун байжээ. Талийгаач болсон төгсөгчдийн батламжийг гэр бүлд нь гардуулсан. Хамгийн харамсалтай нь 1974 оны төгсөлтийн баяр болох өдөр хар салхи Мур хотыг тойрсон байдаг.
Эх сурвалж: BBC