Японд орогнол хүсэх хүсэлтийн тоог хязгаарласан шинэ хууль Даваа гаригаас хэрэгжиж эхэллээ. Уг хуульд зааснаар, орогнол хүсэгч гурваас дээш удаа хүсэлт гаргасан боловч зөвшөөрөгдөөгүй, оршин суух шалтгаанаа бүрэн тайлбарлаагүй тохиолдолд цагаачлалын алба албадан гаргана. Өмнө нь Японы засгийн газар орогнол хүсэгчдийг албадан гаргах боломжгүй байсан. Гэвч зөвшөөрөл аваагүй хүмүүс Японд үлдэхийн тулд системийг урвуулан ашиглаж байна гэж эрх баригчид үзсэн юм.
Өөрчлөлтийн хүрээнд, орогнол хүсэгч нэхэмжлэл гаргасан хугацаандаа цагаачлалын албаны байраас өөр газар түр байрлах боломжтой. Тэдгээр хүмүүсийг батлан даагчийн хяналт дор зөвшөөрөл олготол өөр газар байрлуулж болно. Шинэчлэгдсэн хууль тогтоомж нь эх орондоо хавчлагад өртөх эрсдэлтэй хүмүүсийг эх оронд нь буцаахад хүргэж болзошгүй гэж зарим шинжээчид эсэргүүцэж байна.
Япон улс 2023 онд тав ба түүнээс олон удаа орогнол хүссэн 303 хүнд оршин суух зөвшөөрөл олгосон. Цагаачлалын албаны мэдээлснээр, гурван удаа өргөдөл гаргасан таван хүн тутмын гурав нь зөвшөөрөл авч чадсан. Мөн онд 13,823 хүн Японд орогнол хүссэн нь түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт аж. Тус улс “Covid-19”-ийн дараа хилийн хяналтаа аажмаар цуцалснаар 2022 оноос хойш орогнол хүсэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч АНУ болон жилд 10,000 гаруй орогнол хүсэгчийг хүлээн авдаг Европын хэд хэдэн улс зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас Япон хол хоцорсон хэвээр байна.
Эх сурвалж: Japan Today