Автобусны мөнгөө жолоочид биш зориулалтын хайрцагт хийхийг сануулж байна
Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо зарим иргэд жолоочид бэлэн мөнгө өгөх тохиолдол байдаг. Энэ нь жолооч бэлэн мөнгө аваад байна гэх асуудлыг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдэж автобусанд мөнгө хийх зориулалтын хайрцгийг суурилуулж өгчээ. Ингэснээр нийтийн тээвэрт зорчих картгүй болон картаа цэнэглэж амжаагүй зорчигчид бэлэн мөнгөөр зорчих боломжтой болж байгаа аж.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодрууллаа. Тус газрын зүгээс “Бэлэн мөнгөөр зорчих зөрчил арилахгүй байна. Иргэдээс машины дугаар явдаггүй өдөр автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч зорчиж байх саналыг ирүүлсэн. Тиймээс иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу бэлэн мөнгөө жолоочид өгөх биш зориулалтын бэлэн мөнгөний хайрцагт хийх боломжийг бүрдүүлсэн. Тавдугаар сарын 24-ны өдрийн Засаг даргын шуурхай хуралдаанаас тус шийдвэр гарсан. Журам энэ долоо хоногт батлагдана. Сүүлд орж ирсэн 600 шинэ автобусанд бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцаг бий. Харин хуучин 600 гаруй автобусанд энэ хайрцгийг суурилуулах ажил хийж байна. Одоогоор 120 орчим хуучин автобусанд бэлэн мөнгөний хайрцаг суурилуулаад байна”гэв.
Нийслэлийн нийтийн тээврийн 1,129 автобусны гарах хаалганы дээд талд камер, карт уншигчийн хажууд “UBCARD” төхөөрөмжийг суурилуулж, зорчигчдын толгойг тоолж эхэлсэн. Толгой тоологч, карт уншигч хоёрыг зэрэг ажиллуулж байж зорчигчийн урсгалаа хянах боломжтой. Хэрвээ энэ тоо зөрвөл автобусны жолоочид шаардлага тавина.