Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм.
Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно.
Ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжлэх ба улмаар үхлээр төгсөнө.