АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачдыг улсаасаа гаргана гэж амласан. Тэгвэл тэрбээр энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд үндэсний хэмжээнд онц байдал зарлан зэвсэг хүчин ашиглахад бэлэн гэж мэдэгджээ. Трамп даваа гарагт /2024.11.18/ өөрийн үүсгэн байгуулсан Truth Social платформ дээрээ нийтлэл бичихдээ үүнийгээ илэрхийлсэн юм.
Одоогийн байдлаар 11-13 сая орчим хүн АНУ-д бичиг баримтгүй, хууль бусаар оршин суудаг. Цагаачлал болон хүний эрхийн төлөөх байгууллагууд олон тооны хүнийг улсаасаа гаргах нь хүмүүнлэгийн хямрал үүсгэж магадгүй гэж анхааруулж буй. Трамп АНУ-ын хилийн асуудал эрхэлсэн даргаар Цагаачлал, гаалийн хяналтын газрын (ICE) дарга асан Том Хоманыг томилно хэмээсэн. Хоман эхлээд гэмт хэрэг үйлдсэн хууль бус цагаачдыг АНУ-аас гаргана гэх саналыг дэвшүүлжээ.