Эрдэнэ Монгол “Save Mazaalai” хөтөлбөрийн хүрээнд Хүрээлэн төслийн баг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газарт том, жижиг хоёр мазаалайг энэ 5-р сард хальсанд буулгажээ.
Судлаачид сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж мазаалайн шилжилт хөдөлгөөнийг ажиглах, хянах боломжтой болсон. Мөн эдгээр болон холбогдох бусад судалгаануудын дүнгээр өмнө нь ердөө 20 гаруйхан гэж үздэг байсан мазаалайн тоо толгой өсөлттэй гарч, 50-иас цөөнгүй гэж үзэх болсон байна.
Мазаалай нь холимог идэштэй, нэн ховор амьтан бөгөөд цаг уурын эрс тэс нөхцөлд, хүний хөлөөс ихээхэн хол, дархан цаазат газрын гүнд нутагладаг онцлогтой.
Мазаалайн талаар иргэд олон нийтэд зөв, бодитой мэдээлэл олгох зорилгоор, Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save Mazaalai” төслийн дэмжлэгээр Хүрээлэн төсөл, Сентрал телевиз хамтран Алтайн өвөр говиос баримтат нэвтрүүлгүүдийг бэлдэж, үзэгчдэд хүргэх юм байна.
Мөн олон нийтэд хандсан танин мэдэхүйн нөлөөллийн ажлууд хийгдэх аж.
Гэрэл зургийг: Хүрээлэн төсөл, У.Ганбаяр