Пүрэв гарагт /2024.10.03/ эрдэмтэд нейробиологийн салбарт томоохон амжилт гаргасан гэдгээ мэдэгдсэн байна. Тэрхүү амжилт нь амьтдын ертөнц, тэр дундаа хүний тархийн талаар илүү ойлголттой болоход хүргэж магадгүй юм. Олон улсын эрдэмтэд хамтран ажилласны үр дүнд жимсний ялааны тархийг бүхэлд нь зураглажээ.
“FlyWire Consortium” нэртэй бүлэг бүхий олон улсын эрдэмтэд энэхүү эрдэм шинжилгээний ажлыг хийсэн юм. Тэд 139 мянга гаруй мэдрэлийн эсийн 50 сая орчим холбоосыг зурагласан байна. Энэхүү судалгаа нь тархины эсүүд хэрхэн холбогддог, эрүүл тархины үйл ажиллагаа ямар байдгийг тайлж ойлгох зорилготой байсан юм. Ингэж жимсний ялааны тархийг бүрэн зурагласан нь ирээдүйд бусад төрөл зүйлийн амьтдын тархийг зураглахад туслах анхны алхам.
Тус төсөл дээр ажилласан Кэмбрижийн их сургуулийн мэдрэл судлаач Грегори Жефферис “Үзэсгэлэнтэй. Бичил түвшинд тархийг судлах нь үнэхээр гайхалтай, нарийн бүтцийг харуулдаг” гэжээ.
Эх сурвалж: ABC News