Израилийн арми Даваа гаригт Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад агаарын цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас дор хаяж 492 хүн нас барж, 1645 хүн шархадсаныг Ливаны эрх баригчид мэдэгдэв. Энэ удаагийн халдлага нь сүүлийн 10-аад жилд Ливанд үзэгдээгүй аймшигт халдлага боллоо. Тодруулбал, 1975-1990 оны хооронд үргэлжилсэн иргэний дайнаас хойш ийм олон хүн нэг өдөр нас барсан тохиолдол гараагүй.
Ливаны Хезболлагийн 1600 орчим байгууламжийг Израилийн агаарын хүчин онилсон байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ливанчуудад хандан богино бичлэг хэлбэрээр үг хэлжээ. “Израиль та бүхэнтэй биш Хезболлатай дайтаж байгаа. Хезболла та нарын эртнээс нааш хүн бамбай болгон ашигласаар ирлээ” гэж тэр хэлжээ.
Ливан дахь нийт 89 байгууламжийг түр хоргодох байр болгон бэлдсэнийг мэдэгдлээ. Тухайн хоргодох байруудад 26 мянга гаруй хүн багтах ажээ.
Мөргөлдөөний цар хүрээ ийнхүү тэлж буй нь Израилийн ойрын холбоотон АНУ, Иран ч бас дайнд татагдан орох вий гэсэн болгоомжлолыг үүсгэж байна. Израилийн албаныхан мэдэгдэхдээ “Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад цохилт өгч байгаа нь Ирантай эвссэн тус бүлэглэлээс дипломат яриа хэлэлцээг шаардах зорилготой” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS