ЕТГ-ын дарга асан, УИХ-ыг ч даргалж явсан З.Энхболд ХУД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст хандаж, гомдол гаргажээ. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар өөрийг нь “Шөнийн цагаар алх барьж, бродюр хагалсан. Монголд орж ирэх 100 их наяд төгрөгийн орлогыг саатуулсан” гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн байдаг. Улмаар З.Энхболд цагдаад хандана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу өнөөдөр цагдаад хандлаа. Тэрбээр хэлэхдээ “Би гадаадын туршуул биш ээ. Х.Нямбаатар чи цагдаад ирж, тайлбараа өгөөрэй. 100 их наяд төгрөг Хятадын хоол болох гэж байсныг би зогсоосон. Би Монголын ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээсэн хүн” гэлээ.
Мөн үргэлжлүүлэн “Х.Нямбаатар аа, бродюр хагалсан эзнээ олоорой. Би биш шүү. Х.Нямбаатарт хариуцлага тооцно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. Харин Х.Нямбаатар төрийн цагдаа дуудаагүй байхад гүйж очихгүй гэдэг хариултыг өгсөн байна. Улстөрчдийн улстөрийн халуурал хэзээ хаана хүрэхийг бид хүлээхээс өөр сонголтгүй юм даа. Ардын намын, Ардчилсан намын хамгийн хэлтэй амтай, заргач улстөрчдийн харилцан ярианы түүх эхэллээ.