Өргөө хотын амьдралд хөл тавьсан Оскар Мамен (1885-1955)-ы зүрх сэтгэлийг нь булаасан хүмүүс, нөхөрлөл, мөрөөдлийн тухай, дүрслэн харуулахыг зорьсон холимог техникийн өрөг бүтээлийн сонирхолтой үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэгдсэн байна.
Оскар Мамен 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүхийг өгүүлэх 8000 гэрэл зураг, 500 гаруй эд зүйлсийг насан туршдаа хайрлан хадгалж, үр, ач, зээдээ үлгэр, домог мэт ярьсаар ирсэн нь Өргөө хотын увдист оршин буй.
Уран бүтээлч Нацагдоржийн Отгонбат нь олон төрлийн медиа ашиглан, уран бүтээлээ туурвиж ирсэн ба “Хэлхээ”, “Тунамал” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүддээ түүхэн гэрэл зургаас иш татсан бүтээлүүдээ толилуулж байсан. Харин энэ удаа албан ёсоор Оскар Мамены бодит зургуудтай хоршсон шинэ бүтээлээ туурвиж байна. Үзэсгэлэнд түүхэн зургуудын тухай бидний хэвшмэл ойлголтыг өөрчлөх холимог техникийн зураг, өрөг, гэрэл зургуудыг дэлгэн толилуулах болно. “Увдист өргөө” үзэсгэлэнгийн куратороор Норвег улсад 10 жил сурч, амьдарсан урлаг судлаач, докторант Алгаагийн Болормаа ажиллаж байна.