Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болжээ. Тэрбээр албан ёсны цахим хуудастаа “Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ. Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов. Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё” гэжээ.
Ирэх гурван жилийн дотор 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Хамтарсан Засгийн газар төлөвлөж байгаа.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард /2024.05.16/ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатарт өргөн мэдүүлж байсан юм.
Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна
Хүн амын орон сууцны 2022 оны судалгаагаар Монголын 941,547 өрхийн 32.1 хувь нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлээд байна.
2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.