Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө. Хуралд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг урин оролцуулж цаг үеийн мэдээлэл сонссон юм.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан “МСНЭ-ийн хүсэлтээр өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөөч гэсний дагуу бид энэхүү хуралд оролцож байна. Бидний өгсөн мэдээлэл аливаа нэг этгээдэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэдгийг тодотгоё. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ хүрээнд иргэн бүр хууль зүйн туслалцааг саад бэрхшээлгүй авах ёстой. Шүүх хуралдааны талаар өөрийн байр суурийг ямар нэг хэлбэрээр илэрхийлээгүй. Өнөөдөр албан ёсоор илэрхийлж байна.
2024 оны долдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ял оногдуулж шийдсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхээс шүүхийн тойм мэдээг албан ёсоор олон нийтэд тухайн өдөр мэдээлсэн. Тухайн өдөр Н.Өнөрцэцэгийн асуудлаар шүүхийн мэдээ гаргахдаа өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан гэх асуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хэвлэлийн хуралд өмгөөлөгч нар энэ хэрэгт аливаа хэлбэрээр саад учруулаагүй болохыг албан ёсоор хэлье.
Миний хувьд хоёр ч шүүх хурал байсан давхацсан тул шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч анх удаагаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууц тай холбоотой асуудлыг дагнан өмгөөлж байгаа. Д.Оросоо өмгөөлөгч намайг орлох боломжгүй, тийм практик ч байхгүй. Өнөрцэцэгийн хувьд өнөөдөр 135 хоног хоригдож байна. Өмгөөлөгчдийнх нь зүгээс 2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан” гэв.
Өмгөөлөгч Р.Булгамаа “Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар гомдол гаргасан. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэр хүний эрхийг дордуулсан, хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй, Н.Өнөрцэцэгт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний нийгэмд учруулж байгаа хор хохирол зэргийг нарийвчлан тооцоолоогүй зэрэг тодорхой хууль зүйн үндэслэлүүд байгаа гэдэг үүднээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийн талаарх мэдээллийг яагаад олон нийтэд тодорхой өгөхгүй байна вэ гэсэн асуудал анхаарал татаж байна. Тиймээс тодорхой хууль зүйн тайлбар хийх нь зөв гэж үзэж байна. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч болох шүүгдэгч , хохирогч, гэрч бусад хэргийн оролцогч нарын тухайд хүний эрхийн зохицуулалтын асуудал учир дутагдалтай байдаг. Яагаад гэхээр тухайн шүүгдэж байгаа иргэний эрхийн асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэд ямар эрхтэй, мөн хүний эрх талаасаа нэлээд хязгаарлагдмал зохицуулагдсан байдаг. Энэ нь гол төлөв улсын нууцтай холбоотой хэрэг дээр харагддаг. Тухайлбал, өнөөдөр мөрдөгдөж байгаа Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд улсын нууцтай холбоотой хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүнийг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа авдаг. Тийм учраас анхан шатны шүүх хуралд оролцож байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас явж байгаа өмгөөлөгч нарын тухайд нууцын баталгаа дээр гарын үсэг зурсан учраас олон нийтэд чухам ямар асуудал дээр холбогдуулан шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хязгаарлагдмал болдог.
Үүнээс үүдэн тухайн хүний хувьд өөрийнхөө шалгагдаж байгаа асуудлаараа өмгөөлөгчөөрөө дамжуулан тодорхой мэдээллийг нийгэмд өгөхөд ч хязгаарлагдмал зохицуулалт байдаг. Монгол Улсад үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд анхнаасаа аль асуудлыг нээлттэй, аль асуудлыг хаалттай хийх боломжтой вэ гэдгийг шийдэх хууль зүйн гаргалгаа бий.
Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үед Н.Өнөрцэцэг нээлттэй шүүлгэмээр байгаа тухайгаа олон нийтэд төдийгүй шүүхэд гарсан. Шүүхээс уг асуудлыг хаалттай хийх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргүүдийг нээлттэй, улсын нууцтай холбоотой гэмт хэргийг хаалттай шийдэх байдлаар тусгаарлах бүрэн боломжтой байсан. Энэ мэтчилэн асуудлаас хүний эрх зөрчигдөх, тодорхой мэдээллийг олж авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсдэг. Хэрвээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцын асуудлын явцыг олон нийтэд тодорхой мэдээлэх юм бол өмгөөлөгчийн эрх зүйн байдал хөндөгдөх зэрэг нөхцөл байдлаар уяж өгсөн нь өмгөөлөгч бас хүний эрхийг хамгаалах асуудалд тууштай ажиллах дээрээс нь өмгөөлөгч хууль зүйн баталгаатай байх зохицуулалт учир дутагдалтай нөхцөл байдлыг үүсгэж байна.
Шүүхийн мэдээ буюу шүүхээс гаргасан тойм дээр эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс саад учруулсан гэж тодорхойлж бичиж тэмдэглэсэн байдаг. Н.Өнөрцэцэгийн эрхийг хангуулахаар ажиллаж байсан Б.Баатарсайхан өмгөөлөгчийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүхийн шүүх таслах ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн саад учруулаагүй гэдгийг та бүхэнд мэдээллээ. Анхан шатны шүүх хуралд Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчтэй байсан. Хөнгөн гэмт хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Д.Оросоо гэрээ байгуулсан. Шүүхийн зүгээс “Та гурван өмгөөлөгчтэй байна, нэг өмгөөлөгч ирсэн тул бусдыгаа төлөөлөн өмгөөлөх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжтой” хэмээн үзсэн. Харамсалтай нь хэрэгтэй бүхэлд нь танилцаагүй өмгөөлөгчийн тухайд зөвхөн Эрүүгийн хуулийн 13.14 зүйл ангитай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч бусад өмгөөлөгчөө орлож шүүх хуралдаанд хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тийм учраас Н.Өнөрцэцэг өмгөөлөгч нарынхаа хамт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч энэхүү хүсэлтийг нь шүүх “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг дордуулсан шийдвэр байсан. Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 47 зүйлд заасан энэ зохицуулалтын хүрээнд иргэний гэм буруутай эсэхийг гурван шатны шүүхээр эцэслэн магадлан шийдвэр гаргадаг. Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийн тухайд зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэлээ.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн, гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэгт холбогдсон бэ гэдэг талаар иргэд, олон нийт тодорхой мэдээлэлгүй байгаа нь хурлыг хаалттай хийсэнтэй холбоотой. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон нийтэд худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар мөн татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээр шалгаж байсан. Энэ кейсүүдийн хувьд захиргааны эрхзүйн маргааны хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Татварын ерөнхий газраас байцаагч нар томилж, акт гаргаж үүн дээр ажиллагаа явуулах боломжтой юм.
Хүний хувийн нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа. Үүн дээр zarig.mn сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь цахим хуудаст нийтлэгдэхээс өмнө өөр сайт дээр мэдээлсэн мэдээллийг дамжуулсны төлөө мөн үндсэн эх сурвалж нь олдоогүйн төлөө сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс ял авсан.
Төрийн нууц гэдэг нь эх орноосоо урвасан эсвэл гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэдэг ч юм уу тийм зүйлс огт байхгүй. Анхан шатны хурлыг өмгөөлөгчгүй, хаалттай хийсэн учир өмгөөлөгч нарын хувьд эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа. Тиймээс ч давж заалдсан.
Төрийн нууц гэдэг зүйл хээр хэвтэж байдаг чулуу биш, хэн дуртай нь олж аваад хэрэглэдэг эсвэл хадгалдаг зүйл биш. Үүнийг хамгаалж байдаг төрийн тусгай албан хаагчид гэж бий. Логикоор нь аваад үзсэн ч тэр төрийн байгууллагад төрийн нууцыг хадгалж, хамгаалж байх үүрэгтэй тусгай ажилтан гэж бий. Энэ бүхнийг давж заалдах шатны шүүх хянаж үзнэ гэж найдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид хувийн нууц гэдэг ойлголтыг өөрчлөхгүй бол хурал хаалттай болгодог нөгөө талд иргэд олон нийт мэдээлэлгүй үлдэж байна. Хувийн нууц, төрийн нууц гэдгээр шүүхийн ил тод байдлыг хаасан байдлаар хурлуудыг хийж болохгүй.
Гаднын бусад улс орны туршлагыг харахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулдаг. Юуг нууцалдаг вэ гэхээр гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг нууцалдаг. Харин шүүхийн танхимд хэргийн бүх зүйл нь нээлтэй явагддаг. Гэтэл манай улсад Хувь хүний нууцыг хамгаалах хуулиар хурлыг хаалттай хийж байна. Н.Өнөрцэцэгийг буруутгаж байгаа тухайн кейсийн хувьд бусад эх сурвалж дээр гарсан, ил тод болсон мэдээллийг дэлгэрүүлж, хоёрдогч эх сурвалж болгож задалсны төлөө буруутгагдсан.
Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан гэдэгт гэмт хэрэг үйлдсэн хүн гомдол гаргаад улмаар сэтгүүлч ял авдаг гажуудсан тогтолцоо байж болохгүй” гэлээ.