Аргентины холбооны шүүх даваа гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Энэ удаад Аргентины прокурор Карлос Сторнелли давж заалдсаны дүнд уг шийдвэр гарчээ.
“Николас Мадуро, Диосдадо Кабелло нарыг баривчлах тушаалыг нэн даруй гүйцэтгэж, Интерполоор баривчлах тушаал өгөх ёстой” гэж Холбооны шүүхийн гишүүд Пабло Бертуцци, Леопольдо Брюглиа, Мариано Ллоренс нар мэдэгдэв.
Венесуэлийн ачааны онгоцыг Аргентины нутаг дэвсгэрт саатуулж, АНУ-д хүргэсэнтэй холбоотой маргаан хоёр улсын хооронд үүсээд буй. Тус онгоцыг Ираны хоригт хамрагдсан агаарын тээврийн компани Венесуэлийн төрийн өмчит компанид зарсан гэж АНУ мэдэгджээ. Энэхүү маргаантай давхцан Венесуэлийн Дээд шүүх Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг баривчлах тушаал гаргасан.
Хавьер Милей Аргентины засгийн эрхийг гартаа авснаас хойш хоёр улс хурцадмал харилцаатай байгаа. Энэ удаагийн шийдвэр нь хурцадмал байдлыг улам гааруулах төлөвтэй байна.
Дотоод хэргийн сайд Диосдадо Кабеллог ерөнхийлөгч Николас Мадурогийн баруун гар гэдэг. Тэднийг 2014 оноос хойш Венесуэльд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж нэхэмжлэгчид үзжээ. Үүнд, хүмүүсийг хэлмэгдүүлсэн, албадан алга болгосон, эрүү шүүлт тулгасан, аллага үйлдсэн, тэрс үзэлтнүүдийг мөрдөн хавчсан зэрэг багтана.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY