Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж өгчээ.
Тодруулбал, тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан А.Сувдаа нь ажилчдынхаа 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй байлгадаг бөгөөд илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь өгдөггүй талаар гомдол гаргасан байна.
Энэ талаар НЭМҮТ-өөс тодруулахад, “Дээрх гомдолд үндэслэн НЭМГ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шалгалт явуулсан. Мөн эмнэлгийн дарга А.Сувдаа ажлаас гарах өөрийн хүсэлтээ өгсөн. Оронд нь бид “Энэрэл” эмнэлгийн даргаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор Н.Наранбаатарыг өчигдөр /2024.10.23/ томилж ажлыг нь хүлээлгэж өгсөн” гэлээ.