УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ ажлаа танилцууллаа. “Гурван төгөлдөршил” буюу “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох, хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой, нийгмийн шаардлагад нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийснээр иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүнээ дээдэлдэг, эрхийг нь хангадаг эрх зүйн орчин бүрдэнэ гэв. Өнөөдөр манай улсад 880 хууль, 2768 журам мөрдөгдөж байгаа нь нийгмийн харилцааг хууль биш, журам зохицуулж байна гэнэ үг. Хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар албан тушаалтан, төрийн байгууллага нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож байна. Энэ нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг зөрчих үндэслэл болж байгаа учраас хуулиас давсан журамд зохицуулалт хийнэ хэмээн УИХ-ын дарга онцоллоо.
Иргэд, олон нийт 126 гишүүнтэй шинэ парламентаас хүний эрхийг хангасан эрх зүйн шинэчлэлийг хүлээж байгааг уулзалтад оролцогчид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илэрхийлж байв.
Тэрбээр баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийснээр Евразийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх боломжтойг онцлоод, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Ховдын Булган, Баян-Өлгийн Даянгийн боомт зэргийг хөгжүүлэх, баруун бүсэд 4700 гаруй км авто зам барихаар төлөвлөгдсөн. Ингэснээр иргэд 1000 гаруй км зам туулж Улаанбаатар хот бараадахгүйгээр өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, эдийн засгийн өсөлтөө хангах боломж бүрдэнэ. Баруун бүсээс сонгогдсон гишүүд хамтран бүсийн хөгжлөө дэмжиж ажиллана гэсэн юм.