Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Хорт хавдрын системийн хими болон бай эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага болон тухайн тусламж үйлчилгээг авч буй иргэн даатгуулагчийн төлөөлөл салбарын асуудлаа ярилцаж, тодорхой арга шийдэл эрэлхийлэв. Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг учраас хавдрын эмчилгээ, үйлчилгээ, эмнэлгийн хүртээмж монголчуудын хувьд тулгамдсан том асуудал. Ялангуяа Монголдоо эмчлэх боломжгүй болж буй хавдрын хагалгаа, эмчилгээ, хэт өндөр өртөгтэй байх зэрэг нь олон хүний амь нас, эрүүл мэндэд тулгамдаж буй. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хавдрын эмчилгээг сайжруулахын тулд эмнэлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголд эмчлэх боломжгүй эмчилгээг нэвтрүүлэх үүний тулд эрүүл мэндийн салбарын бодлого, уялдаа холбоог сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
“Наран ижий заяа” ТББ-ийн тэргүүн Ш.АРИУНАА:
-Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын шинэчлэсэн төсөл хөтөлбөрийн талаар өнөөдөр хэлэлцэж байна. Эрүүл мэндийн байгууллагуудаас хорт хавдар туссан өвчтөн тусламж үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг. Өртөг өндөр дааврын хоёр эм тариаг хассан байна. Мөн 2019 оноос эрүүл мэндийн даатгалаар хийгдэж байсан элэгний хавдрын хагалгааг хийх боломжгүй нөхцөл үүссэн. Тиймээс иргэн, эрүүл мэндийн байгууллага хооронд үүссэн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.БАТЧИМЭГ:
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлөөс батлагдсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид үе шаттай ажлуудыг тасралтгүй хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн болж буй үйл явц нь шинэчлэсэн тогтоол хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага, иргэн даатгуулагч, эрүүл мэндийн даатгалын байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэсэн талуудын төлөөлөл нэгдсэн нэг мэдээлэл ойлголтод хүрэхийн тулд мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахаар хамтарсан уулзалтыг анх удаа хийж байна. Энэ удаа хорт хавдрын химийн бай эмчилгээний тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэлэлцэж байна. Хорт хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг Хавдар судлалын үндэсний төв дангаараа үзүүлдэг. Тиймээс нэг талаас тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй асуудал, нөгөө талаас хорт хавдрыг даван туулагч иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хувьд Монгол Улсад бүртгэлтэй эмийг санхүүжүүлдэг, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол улсад бүртгэлгүй эмийн асуудлыг хэлэлцэн нэгдсэн ойлголтод хүрэхээр уулзалтыг зохион байгуулсан гэв.