Хятадад шоронд хоригдож буй зохиолчдын тоо 100 давжээ. Дийлэнх нь цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хэргээр хоригдож байна. “Pen America” сэтгүүлээс гаргасан 2023 оны бичих эрх чөлөөний индекс Лхагва гаригт нийтлэгдсэнээр уг тоог баримттай болохыг илчилжээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө дэлхий даяар хоригдож буй нийт хүмүүсийн тоо дор хаяж 339 гэж тооцоо гарсан байдаг. Дэлхийн нийт шоронд хоригдож буй зохиолчдын бараг гуравны нэг нь буюу 107 хүн Хятадад хоригдож байна. Уг тоо нь 2020 оны тайланд гарсан тооноос нэмэгджээ.
“Pen America”-ийн судалгааны захирал Жеймс Тагер “Зөвхөн онлайнаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдсан бүх хүмүүс энд тоонд орохгүй. Хятадад үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгүүлсэн бүх хүмүүсийн бодит тоо хамаагүй өндөр байгаа. Уран зохиол, шинжлэх ухааны талаар бичсэн хүмүүс мөн адил хоригдож байна” гэжээ. Үзэл бодлоо илэрхийлснээс болж баривчилсан хүмүүст ихэвчлэн “хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн дэгдээсэн” гэх хэрэг тохдог. Үүнийг улс төрийн албан хаагчид мөн өөгшүүлдэг аж.
Маргаан үүсгэсэн хэргээр шоронд хоригдож буй хүмүүсийн дунд Ухань хотод “Covid-19”-ийн анхны өдрүүдийг сурвалжилсан сэтгүүл Жан багтсан ба тэрбээр 2020 оноос хойш шоронд сууж байна. “WeChat” болон “X” дээр 2020 оны тавдугаар сард шүүмжлэлтэй мэдэгдэл нийтэлсний дараа баривчлагдсан Сун Чиныг “Төрийн эрх мэдлийг урвуулан унагахыг уриалсан” хэргээр баривчилжээ.
Шинжаанд зохиолчдод маш хатуу ханддаг. Хятадын баруун хойд бүс нутагт сүүлийн 10 жилийн хугацаанд соёл, улс төрийн хатуу хэлмэгдүүлэлтэд өртөж байсан лалын шашинт Уйгурын цөөнх оршин суудаг юм. Яруу найрагч Гулниса Имин “Мянган нэгэн шөнө” зохиолоос сэдэвлэсэн яруу найраг бичсэнээсээ болж “салан тусгаарлах үзлийг сурталчилсан” гэх үндэслэлээр 17 жил хагасын ял сонсчээ. Сүүлийн жилүүдэд Хонконгод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарангуйлж байгаа нь Хятадад шоронд хоригдож буй зохиолчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн. Бээжин 2020 онд үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан бөгөөд үүнийг эсэргүүцэгчдийг дарахад ашигласан гэж шүүмжлэгчид үзэж байна.
Эх сурвалж: Guardian