Өчигдөр /2024.04.17/ Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт зургаан хүн зам тээврийн осолд өртсөн. Тэдний биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулан асуулаа.
Ингэхэд “Манай эмнэлэгт зургаан хүн хүргэгдэж ирснээс нэг нь нас барж, үлдсэн таван хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нэг том хүн өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд орсон. Хүүхдүүдийн хувьд мөчний хугаралтай, гавал тархины гэмтэл, цус хуралттай, хэвлийн гэмтэл гээд хавсарсан хүнд гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.
Хэргийн талаар эргэн сануулбал, өчигдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эсрэг урсгалын хоёр автомашин мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны таван хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтэж бэртэж, ослын дараагаар 14 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан билээ.