Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.04.17/ танилцууллаа.
Хот тосгоны эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их дээд сургуулиудтай холбоотой зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
“НИЙСЛЭЛ ДОТООДДОО 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАЖ, 300 ТЭРБУМЫГ НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦАД ЗАРЦУУЛНА”
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар нэгдүгээр орлогч П.Сайнзоригтай хамтран мэдээлэл өгнө. Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа.
Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна.
Нийслэлийн есөн дүүргийн гурав нь Багануур, Налайх, Багахангай алслагдсан дүүрэг. Та бүхэн санаж байгаа бол 2014 онд эдгээр дүүргүүдэд Захирагчийн сонгууль явуулж, дагуул хот байгуулах эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн эрх зүйн орчин тухайн үед бүрдээгүй байснаас Захирагч гэдэг албан тушаалтныг улстөржилт өндөртэй сонгож, 2016 оны сонгуулиар татан буулгаж байсан. Яагаад гэвэл аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг чиг үүргүүдийг хот тосгон гэдэг шинээр байгуулах байгууллагад шилжүүлэхгүйгээр орших боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2019 онд Үндсэн хуулийн 57.2 зүйл заалтад зохицуулалтыг тусгасан.
Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Төв аймагт хот байгуулсныхаа төлөө нийслэл хот орлогынхоо 20 хувийг Төв аймгийн иргэдэд төвлөрүүлж өгнө.
Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга орчим айл өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байгаа. Нийслэл Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо гадаад бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.
Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.
Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. 18 жил болсон төсөл. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох цаг болоход тэр байгууламж руу очих шугамаа барьж дуусаагүй байгаа нь цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-ийн Г, Д гэдэг шугамыг 10 гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппорогоос-Өгөөж үйлдвэрийн уулзвар хүртэлх шугам юм.
“ШИНЭ ДАГУУЛ ХОТ 80 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОНО”
Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Цаашдаа нийслэл хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд анхан шатандаа төсөв, эрх мэдэл, хүний нөөцийг шийдэж өгье. Хорооноос иргэд төрийн үйлчилгээ авахаар очиход дээд шатандаа ханддаг нь иргэдийг бухимдуулж байна. Бид нийслэл, дүүргүүдийн Засаг дарга дээр төвлөрсөн эрх мэдлийг хороодод өгч, эрх зүйн шинэчлэлийг Үндсэн хуульд олгосон 2019 оны өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулна. Хот өөрөө зөвлөлтэй байна. Захирагчийг иргэд болон зөвлөлөөс сонгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Дор дороо асуудлаа шийддэг хот, нэгжүүд ажиллаж, хотын эдийн засгийг тэлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах боломж бүрдэнэ.
Мөн Төв аймагтай бүсчилсэн хөгжлийн интеграцид орж, үр шим хүртэх байдлаар хийнэ. Татварын болон татварын бус орлогуудыг 80/20 гэсэн зарчмаар Төв аймагтайгаа хувааж Шинэ Зуунмод хот гэх мэт дагуул хотыг хөгжүүлэх асуудлыг ярина. Шинэ дагуул хот 80 мянган ажлын байрыг бий болгоно. Санхүү, интертайнмент, бизнес, чөлөөт худалдааны төв, тээвэр ложистикийн төв хот байхаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгч, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан:
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталж байсан. Социализмын үеэс зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан хууль өнөөдөр орчин нөхцөл өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан өөрийн эдийн засгийн төсвөө бүрдүүлдэг болсон. Олон хороог нэгтгэж, 500 мянган хүн амтай зарим дүүргийг задалж, хороолол хорооллоор нь хот байдлаар нь зохион байгуулна. Жишээлбэлт, Төмөр зам, Таван шар, Баянхошуу, Дарь эх гэх мэтээр суурьшлаар нь хот байгуулна.
“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ШИНЭ ЖУРАМ БАТЛАГДАЖ ГАРСАН”
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Бид хувийн, олон улсын хөтөлбөртэй сургуулиуд дээр шалгалтыг хийж байна. Өнөөдөр өгсөн мэдээллээр Финлянд, Сингапур, Америк, Турк, Хятад сургууль гэсэн улс орны нэрээр нэрлэгддэг, үйл ажиллагаа нь ойлгомжгүй сургууль их олон болсон. Нийт 47 сургууль байна. Хоёрт, Кемберижийн хөтөлбөртэй гэсэн мөртлөө олон улсын хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байгаа юм байна. Бид 14 хоногийн дараа шалгалтын дүнгээс мэдээлнэ. Боловсролын зээлийн сангийн шинэ журам батлагдаж гарсан. Монголд бакалаврын түвшний Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байна. Энэ тэтгэлэг улсын 330 сум, 170 хороонд тухайн жилдээ ЭЕШ-ын 2-3 хичээлд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг шалгаруулаад хоёр жил болж байна.
Хоёрт, дэлхийн шилдэг 100 их сургуулийн хөтөлбөр үргэлжлэхдээ Монголдоо тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн сонгосон хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулна. Удахгүй сонгон шалгаруулалтыг зарлана. Засгийн газрын тэтгэлэгээр магистр болон докторын түвшний тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцах суралцагчдыг тэтгэлэгт хамруулна. Энэ жилээс таваас дээш жил тогтвортой, үр дүнтэй төрийн байгууллагад ажилласан албан хаагчдыг хэлний шалгалтаар дэмжиж, тэтгэлэгт хамруулна. Эхний ээлжид 500 албан хаагчийг хэлний бэлтгэлд явуулахаар төлөвлөсөн. Засгийн газар хоорондын тэтгэлэгүүд бас үргэлжилнэ гэдэг мэдээллийг өглөө.
Эх сурвалж: https://news.mn/r/2715914/