Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцууллаа.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар шийдсэн гол асуудал нь нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдалд хийж бүтээж байгаа болон бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг голлож ярилаа. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд байгаа “Хот тосгон, түүний бие даасан байдлын” тухай хуулийг бүлгийн хурлаар оруулж УИХ-д өргөн барих асуудлыг Засгийн газраас үүрэг болгосон.
Энэ хууль нь 1993 онд батлагдаж байсан хууль бөгөөд өнөөдөр орчин нөхцөл нь өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан эдийн засгаа бүрдүүлдэг болсон. Мөн Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлснээр олон аймаг, орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг болох ёстой. Үүнтэй уялдуулаад эрх зүйн байдлыг нь өөрчилж өгөхгүй бол цаашид бүх зүйл хаалттай буюу зөвхөн УИХ, ЗГ-аас шийддэг баригдмал байдлыг арилгаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт эрх зүйн орчныг бий болгосноор орон нутаг бие даан хөгжих боломжтой болно. Ялангуяа нийслэл өөрийн гэсэн бие даасан хуультай болбол нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой болно гэсэн үг.
Мөн үүнийг дагалдуулж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь амьдралын шаардлагаар батлагдаж байна. Энэ хүрээнд яамнуудаас санал асууж, энэ хаврын чуулганаар батална гэдгээрээ онцлог болж байна” гэлээ.