Ираны цөмийн салбарын тэргүүлэх эрдэмтэн Мохсен Фахризадех 2020 онд амиа алдсан. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сард нийслэлээс гадна хурдны зам дээр халдлагад өртөж амиа алдсан бөгөөд энэ хэрэгт Ираны эрх баригчид Израилийг буруутгасан билээ. Тэгвэл түүний амиа алдсан хэрэгтэй холбоотой гэх гурван хүнд Ираны шүүхээс Мягмар гаригт цаазын ял оноожээ.
Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Асгар Жахангир хэлэхдээ “Гурван этгээдийн шүүх хурал Урмиа дахь Хувьсгалт шүүхэд явагдсан. Тэдэнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд одоогоор хэрэг давж заалдах шатандаа байна. Мөрдөн байцаалт явуулсны эцэст баруун Азербайжан мужаас есөн хүн баривчилсны гурав нь энэ хүмүүс юм. Тэднийг Израилийн эзлэн түрэмгийлэгч дэглэмийн талд ажиллаж, тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байна. Мөн тэднийг архи, согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх нэрийдлээр Фахризадехын амийг хөнөөх хэрэгслийг Иран руу тээвэрлэсэн гэж буруутгасан”
ЭХ СУРВАЛЖ: AFP