Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталжээ.
Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно гэж заажээ.
Уг зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нарыг сонгон ажиллуулахаар болсон байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Зөвлөлдөө аль болох олон салбарын төлөөлөгчдийг багтаахыг зорьсон. Салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь ярилцан хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо” гэв.