Хүний эрх, хүн төвтэй үзэл санааг дээдэлсэн, иж бүрэн зохицуулалтаар адил тэгш хэрэгждэг, нийгэм цаг үеийн шаардлагад нийцсэн хоцрогдолгүй хууль тогтоомжуудыг батлан гаргах нь энэ парламентын тэргүүн зорилт байна.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ хэрэгжүүлэх ажлын хүрээнд 53 ажлын хэсэг байгуулж байгаатай холбогдуулан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Баасандорж мэдээлэл өглөө.
- Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад Улсын Их Хурал анхаарч ажиллана хэмээсэн. Гуравдугаарт, хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстойг Улсын Их Хурлын дарга тэмдэглэснийг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дурдаад 1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиудыг жишээ татан тайлбарлав. Түүнчлэн холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.