Нагац өвөө, эмээ маань аль, аль нь миний өвөр дээр амьсгал хураасан юм. Харин өнгөрсөн жилийн зун гэртээ ганцаараа сууж байхдаа зориг гарган ээж рүүгээ залгаад “Тэр зун ийм гоё нартай байсан. Өвөө морьтойгоо давхиж ирэхэд бид тосож гүйгээд, гэрт орж ирээд бид нарын морь болж тоглосон. Данхнаас цай уучхаад духан дээр маань үнэрлэснийхээ дараа жийсэн хөлөн дээр маань толгойгоо тавин нүдээ анихдаа инээмсэглэж байсан.” Би зүүд үү, бодит явдал уу мэддэггүй. Бид нар айгаагүй. Харин хажуу гэрээс Жагаа эгч орж ирэхдээ сандраад, биднийг нуурын эргээр байгаа хонийг хураагаад ир гэж явуулсан. Хөвд дээгүүр хөл нүцгэн гүйж байхад нартай бороо орж, юу ч юм буруу байгааг мэдрэн эргэн, эргэн гэр өөд харахад өвөөгийн мишээсэн төрх л бодогдож энэ бүхэн “нэг л догь” санагдсан. Ээж яриаг минь сонсоод юу ч хариулаагүй тасалчихсан. “Би хэтэрхий эмо байна уу, хэрэггүй юм хэлчихвүү” гэж шүүрс алдан өөртөө гэмшин сууж байхад энэ мессеж ирсэн юм.
Тэр үед би зургаан настай байжээ. 2003.07.26. Төв аймгийн Жаргалант сум. Нуурын эрэг.
Юу чухал, юу чухал биш байсныг ойлгуулах үйл явдлууд дараалан тохиолдоход энэ бүхнийг эргэцүүлэхийн тулд хаалгаа тас хаагаад ганцаараа олон шөнө эргэцүүлэн суусан. Харин эмээ минь их л зовсон гэж би боддог. Хавдрын эмнэлэгт эмээгээ сахидаг байхдаа би 11 настай байв. Элэгний хавдрын сүүлийн шат… Цэрийсэн цээжийг нь илэхэд хэрхэрэх дууг би үзэн ядаж, үргэлж хэвтсээр элэгдсэн ташааг нь тослоход өр эмтэрдэг байв. Эмээдээ л дургүй хүрээд байна гэтэл үгүй байсан. Эмээгээ зовж байгааг нь харах л тэсгэл алдуулаад байсан нь тэр. Бид хайртай хүмүүсээ жаргаасай л гэж хүсдэг. Харин зовлонд нь… Түүнийг хэмлэн хороох асуудлуудад нь өс зангидчихдаг. Ерөөсөө л зовж байгааг нь харж түвддөггүй. Оройдоо цонхны тавцан дээр унтдаг намайг эмээ хааяа хажуудаа хэвтүүлдэг байв. Үгээ зөөж ядан хэлсэн үгсийг нь би одоо ч бас санадаг. Эмнэлгийн эрүүл хоолноос залхсандаа намайг хажуу цайны газар руу нууцаар гүйлгээд, замаараа би Номингоос эмээгийн хамгийн дуртай даршилсан цагаан мөөгийг авч “тусгай ажилтан” шиг л хувцсандаа нуун эмээдээ аваачиж өгч, хаалга дээр нь зогсохдоо харуулын ажилтан шиг хамгаалсаар идүүлдэг байв. Crime partner…Гурван сарын сахиур… Цагт элэгдэж, зүүнд уягдсан гараа ч өөрийнхөөрөө хөдөлгөж чадахаа больсон эмээ минь… Үсийг нь самнаж өгөөд үнэрлэхэд нялхын танхил анхил нь эмэнд дарагдсан эвий муу эмээ минь…
Ээж минь өнгөрсөн зун энэ ярианы дараа манайд ирсэн. Өвөөгийн үргэлж авч өгдөг байсан шпротыг би талхтай тавиад, эмээгийн хийж өгдөг байсан байцаатай хуургыг хийж өгсөн. Чив чимээгүй энэ эморол… Амьдралын төлөө зүтгэж явахдаа тэнд байгаагүй нь буруу биш. Бид хамтдаа тэврэлдэн зөндөө уйлсан. Хэн хэн нь энэ амьдралд чадах бүхнээ л хийж яваа. Гэвч үргэлж л дутуу байх болно.
Тэр үед эмээд сүүлчийн тариаг тарихад надаас бусад нь уйлсан. Харин би “Зүгээрээ, одоо зовохгүй нь…” гэж тайвширсан. Гэвч хамгийн худлаа нь энэ… Жинхэнэ уй гуниг илүү гүнзгий бас чимээгүй байдаг гэдгийг мэднэ. Оюутан байхдаа би Баянхошуунд байрладаг “Батгэрэлт-Ирээдүй” ахмад настны асрамжийн газарт сайн дурын ажил хийдэг байсан. Өндөр настанд ном уншиж өгч, амьдралынх нь түүхийг сонсох нь хэнд нь хэрэгтэй байсныг би хэлж мэдэхгүй. Дараа нь сэтгүүлч болчхоод Улсын асрамжийн газраар ч их эргэлдсэн. Кино хийж, хандив цуглуулж… Үнэндээ юу өөрчлөгдсөн гэж. Бид төгсгөлөө өөрсдөө сонгоцгоожээ. Тэр л хөндүүр маань харин энэ жил анх удаа эмээдээ гомдож уйлсны дараа хөнгөрсөн. Та минь “Догь байх өртэй” байсан шүү дээ гэж… Тиймдээ ч хүний зовлонг хөнгөлөх л гэж би зорьж явсан бололтой. Харин эхлээд өөрөө жаргаж үзүүлэх ёстойгоо мартчихаж. Тантай ижилхэн болчхож. Одоо бууж өгье. Энэ миний л зовлон байж. Гэтэл найзуудтайгаа даалуудаж байгаад, шимийн архи татчихсан. Халамцуухан давхихдаа, Эр бор харцагыг эгшиглүүлсэн. Үр ачаа тойруулан инээлдэж байхдаа амьсгал татсан. Өвөө та жинхэнэ “Догь” амьтан юм. Бусад нь харин таныг согтуу байсан л гэж боджээ. Нуруун дээрээ үүрээд тонгочиж байсан юм… Өвөр дээр минь толгойгоо тавихдаа мишээж байсан юмсан. Бид үнэндээ амьдралд жаргаж л өгөх өртэй байж…