Би гэр бүлийн хүчирхийллийн улмаас эхнэрийнхээ амийг хөнөөсөн эрийн шүүх хуралд сууж, сурвалжилга бэлтгэсэн юм.
Тиймээс дараах 3 зүйлийг хэлэхийг хүслээ.
#Бүү_тэвч ‼
Нэг нь шоронд хоригдож, нөгөө нь шороонд булагдсан ийм хэргийн золиос нь гурван хүүхэд байсан. “…Ээжийн минь амийг хөнөөсөн энэ хүнд би гомдолтой байна” гэж надтай чацуу охин хэлээд, нулимс дуслуулсан нь миний сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн.
НЭГ: Хүчирхийллийг МЭДЭГД
Шүүх хурал болохын урд өдөр хэргийн газарт очиж хөрштэй нь ярилцсан юм. Хөрш нь эхнэр нөхөр хоёр байнга муудалж, үргэлж зодолддог байсан гэхээр нь түүнийг дуудлага өгч байсан эсэхийг асуухад “үгүй ээ, байнга л зодолддог байсан шүү дээ” хэмээв.
Хамгийн аймшигтай нь хохирогч эмэгтэй нөхөртөө хутгалуулсан тэр өдөр ч цагдаа болон эмнэлэгт өөрөө дуудлага өгсөн байж.
Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч гурван жилийн турш хүчирхийлэлд өртсөн ба энэ хугацаанд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, гэрчүүд нь ч тусламжийн гар сунгаагүй нь харамсалтай.
Бусдын асуудал бидэнд хамаагүй гэж хэлж магадгүй. Гэхдээ хаалганы цаана нуугддаг гэмт хэргийг илрүүлэхэд бидний оролцоо маш чухал аж. Нөхөрт нөхөр бол, нөхөөсөнд халаа бол гэж үг хүртэл бий шүү дээ.
Мэлхийг усанд хийж, усыг аажмаар халаахад, мэлхий дасаад ус буцалж эхлэхэд үсэрч гарах тэнхэлгүй болчихсон байдаг үлгэр бий. Үүн шиг хүн ч ахуй нөхцөл, өдөр тутмын амьдралдаа дасчихдаг. Тиймээс бүлээн усанд чанагдаж байгаа мэлхий юм биш биз гэдгийг дор бүртээ эргэцүүлээд үзээрэй.
ХОЁР: Хүчирхийллийг БҮҮ ТЭВЧ
Хайр, итгэл, сэтгэлээр холбогдсон хүнийхээ золиос болж хохирдог учир гэр бүлийн хүчирхийлэл бусад хэргээс илүү их гомдол, цөхрөлд хүргэдэг ч энэ хэрээрээ “уучлал” дагуулдаг.
Өнөөдөр таныг үгээр хараана та тэвчинэ. Маргааш таньд гар хүрнэ та тэвчинэ. Гэхдээ нөгөөдөр таны аминд хүрч мэднэ. Шүүх хурлын үеэр амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн нь “энэ архичнаас сал гэж мөн ч олон удаа хэлсэн дээ” хэмээн халаглаж байлаа. “Хайртай болохоор, хань минь болохоор, үрийн минь аав болохоор” гэж хохирогч тэвчдэг байж.
Заримдаа бид хайрандаа хязгаар тавьж, нисэх нь тэнгэр боловч буух нь газар гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй таныг зовоож байгаа бол хайр биш ч байж мэдэх юм.
Хайр гэдэг чинь хамтдаа аюулгүй, аз жаргалтай байх харилцан ашигтай харилцаа биш билүү?
Хэрэв та ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж л байгаа бол “хайртай” гэдэг шалтгаанаар бүү тэвчээрэй.
ГУРАВ: ТУСЛАМЖ ХҮС
Гурван жилийн турш эхнэрээ айдас, хүчирхийлэлд байлгаж эцэст нь амийг нь хөнөөсөн эр 18 жилийн ял сонссон. Гартаа гав зүүсэн 50 орчим насны эр ялын тогтоол сонсоод хөшсөн мэт зогсож байхыг хараад эмэгтэй хүнд эр бяраа гарган хүчирхийлж байхдаа ямар царайтай байсан бол гэж бодохоос жигшил төрснөө нуумааргүй байна. Гэвч…
Шүүх хурал эхлэхээс өмнө гэмт хэрэгтний ээж хүүгийнхээ зан араншин, төлөвшлийг тодорхойлсон захидал илгээснийг өмгөөлөгч танилцуулсан юм.
Бид гэмт хэрэгтэнд ч тусламж хэрэгтэй байдгийг мартчихдаг юм билээ.
Бүх зүйл шалтгаан нөхцөлийн сүлжээс. Гэмт хэрэг үйлдэхэд хүний сэтгэл зүйн байдал нөлөөтэй. Цоо эрүүл сэтгэл зүйтэй хүн эхнэрээ хөнөөнө гэж үү. Сэтгэл гутрал нь нэг төрлийн өвчин.
Тиймээс зан араншиндаа бид бүхэн хяналт тавьж, шаардлагатай үед тусламж эрж байх хэрэгтэй. Архинаас гарахыг хүсч байгаа бол мэргэжлийн хүнээс тусламж эр. Сэтгэл гутралд орсон бол үүнээс гарах эрүүл арга зам хайж олоорой. “Хүн бүр өөртөө хяналт тавьж, шаардлагатай үед бусдаас тусламж эрдэг зоригтой байгаарай” гэж хэлмээр байна.
– 102 Цагдаагийн шуурхай дуудлагын утас эсхүл
– 107 Гэр бүлийн хүчихийллийг мэдээлэх утас эсхүл
– 108 Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх утас руу яаралтай мэдээллийг өгөөрэй! (Таны утас нэгжгүй байсан ч залгах боломжтой.)
Сурвалжлагыг https://zgm.mn/хүчирхийлэгчийг-мэдээлж-зовсон-нэгнээ-хамг…/…
унших боломжтой.
Б.Бадамцэцэг