ЕБС-ийн 1-р ангийн элсэлт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. И-Монголиа системээр хүсэлт хүлээн авч байгаа
Боловсрол шинжлэх ухааны сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн мэндчилгээ, цахим контентыг бэлтгэдэг. Тэгвэл энэ жил “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр контентоо бэлдэнэ. Үүнийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдлээ.
Салбарын сайдын мэдээлэлд “Энэ хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргасан” гэж дурдагдсан бөгөөд НБГ-аас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээслэхээр ярьж байгаа. Үүнээс 22 сургуулийг шийдвэрлэсэн. Эдгээр 15 сургуульд 15,955 хүүхэд суралцах боломжтой байна гэж мэдээллээ.