Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Отог байгуулах нэрээр Богд уул, Зайсанд өндөр үнэтэй орон сууц, хаус хороолол сүндэрлүүлсээр өнөөдөр Богд уул, Зайсан, Арцат, Бага тэнгэрийн ам “хот” болжээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Авлига, албан тушаалын сонирхлын үр дүнд Богд уулын арын 10 аманд олон мянган айлын үнэтэй орон сууцны хаус хороолол баригдсан. Энэ болгон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр зөвхөн отог гэдэг зориулалтаар олгосон. Гэтэл өнөөдөр тэнд орон сууцны хороолол боссон. Эдгээр хороолол өнөөдөр Улаанбаатар хотоос нийгэм, соёлын бүх үйлчилгээг шаардаж байна. Саяхан Яармагийн байрнаас зэвтэй ус гарч шугам сүлжээг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс мөнгө гаргасан. Дархан цаазат газар дээр хууль бусаар баригдсан орон сууцны хорооллын шугам сүлжээг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчлэх үүрэг нийслэлийн нуруун дээр ирж байна. Энэ бүгдийг засахын тулд зоригтой ажиллана” гэжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Газрын тухай хууль олон харилцааны суурь болдог чухал хууль тул тал, талын байр суурийг авч няхуур хандах шаардлага бий” гэсэн байна.