Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтэс, Хяналт зохицуулалтын хэлтэс хамтран хүсэлт ирүүлж хандсан, мэдээлэл хүссэн байгууллага, финтек компаниудад зөвшөөрлийн болоод хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгөхөд уулзалт хийх хүсэлт ирүүлсэн байгууллагын тоо олон зэргээс шалтгаалан ихэнх тохиолдолд хүсэлт гаргасан даруйд нь уулзалт зохион байгуулах боломжгүй байдаг байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор инновацын оффисын тусламжтайгаар одоогийн зохицуулалт, зөвшөөрөл авах процесс, бүрдүүлэх материалтай холбоотой аливаа мэдээллийг цаг тухайд нь өгснөөр финтек компаниудад шаардлагатай зөвшөөрөл авахад нь томоохон дэмжлэг, түлхэц үзүүлэх Инновацын оффис нээв. Зах зээлд шинээр гарч ирэх санхүүгийн үйлчилгээ, шинэ технологи зэргийг цаг алдалгүй таньж мэдэх, финтек компаниудтай биечлэн уулзаж, санал, туршлагыг нь сонсож, цаашдын чиг хандлагыг нь тодорхойлон, түүнд нийцсэн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлтийг ч хийх боломжтой гэнэ.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу инновацын оффисыг байгуулах үүрэг нь Монголбанканд олгогдсон бөгөөд төлбөрийн системийн журмаар уг үйл ажиллагааг зохицуулахаар тусгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ийнхүү инновацын оффисыг нээж, түүнд хандсан санал хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.