Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны зургаадугаар сард Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сард дуусна. Тэгвэл одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй хэд хэдэн хүн УИХ-д нэр дэвшжээ.
Тодруулбал Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр 5-р тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшжээ. Тэрээр тав дахь удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нь энэ юм.
Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай 1-р тойрогт МАН-аас нэр дэвшжээ. Тэрээр өмнө нь Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газарт эдийн засагчаар ажиллаж байв.
Хоёрдугаар тойрогт Ерөнхийлөгчийн хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайхан мөн МАН-аас нэр дэвшжээ. Тэрээр эдийн засагч, бизнес судлаач мэргэжилтэй. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг арван мандаттай тавдугаар тойрогт өрсөлдөж байна. Тэрээр өвөөгийнхөө нэрээр (Сүрэнжав) овоглосон юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр долдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, говьд ус авчирна хэмээн сонгогчдод амлаж байна.
Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нийслэлийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байна.
Тэгвэл Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир МАН-ын жагсаалтын 15-рт, шинжлэх ухаан, технологийн зөвлөх Ч.Лодойравсал 23-рт тус тус бичигдсэн. Ерөнхийлөгч нийт 14 зөвлөхтэй. Тэдний найм нь нэрээ дэвшүүлжээ.