Сүүлийн үед сошиалаар Төрийн ордонд томчуул нь эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж, ханаж цадахгүй идэж уухаар улайрч байгаа бол иргэд нь тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг нь шүүмжлэн эсэргүүцэх, улмаар шударга ёс шаардан гудамж, талбайд гарч жагсахгүй л бол энэ улс орон мөхөж байгаа мэт утга, уянгын зүйлийг тасралтгүй явагдах боллоо.
Анхаарч ухвал, зохион байгуулалттай байж болох юм. Яагаад гэвэл, нэг ижил утга агуулгатай мэдээллийг алдаа, оноотой нь олон дагагчтай пэйж хуудас, хуурамч хаягнаас зэрэг, зэрэг бүүст хийж түгээж, доор нь троллууд нэг хэв маяг, хайрцаглагдсан үг, өгүүлбэрээ “копи паст” хийгээд шэйрлэж байна. Түүнийг нь сошиалд шүүлтүүргүй бурдаг, өөрсдийгөө инфлүзер гэх хэдэн “гар”-ууд өлгөж аваад лайв хийж шүүмжлээд, цаашлаад босъё, тэмцье гэж иргэд олон нийтийг жагсаал цуглаанд уриалан дуудах болсон.
Эндээс юу харагдаж байна вэ гэхээр бидний хэлдгээр “…Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй…” гэдэг дүр зураг бууж байна. Гэхдээ, магадгүй эсрэгээрээ дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй байгаа мэт харагдуулах шалтгаан нөхцлийг бүрдүүлэх, ашиг сонирхол хэн нэгэнд байхыг үгүйсгэхгүй.
Өнөөдөр монголчуудын олонх нь сошиалаас хамааралтай болсон байна. Сошиалчдад мэдэхгүй сэдэв, шүүмжлэхгүй асуудал ч гэж алга. Хэд хоногийн өмнө өөрийгөө эх оронч, тэмцэгч гээд жагсаал болгоноор лайв хийдэг авгай анагаахын шинжлэх ухаанаар батлагдсан хүний хөхөнцөр вирусын вакциныг эсэргүүцэв.
Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд бүтээсэн эрдэмтэний оюуны бүтээлийг хэдэн минутын лайваар баримт нотолгоогүй үгүйсгэж, олон монгол охидын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаа “эх оронч” гэдэг ганцхан үгээр хаацайлав. Мөн онлайнаар бараа зардаг хүүхэн 2025 оны улсын төсвийг ч шүүмжилж байх шиг. Төсвийнхөө учрыг олох нь битгий хэл, барааг нь ч хараагүй байж юу мэдэж шүүмжилж байгаа юм, бүү мэд. Бас нэг улстөрчийн тролл нөхөр гэнэт л утаа, агаарын бохирдол гэж яриад, иргэдийг жагсаал цуглаанд уриалах болсон.
Утаа тулгамдсан асуудал болоод хэдэн төрийн нүүр үзэж байгаа билээ, шат шатандаа л шийдэх гарц, гаргалгааг хайдаг биз. Тэрнээс утааг улстөрчид үйлдвэрлэж, иргэд амьсгалаад байгаа юм биш. Хаана хаанаа хариуцлага, ёс зүйн асуудал яригдах нь зүйн хэрэг ч нийгмийн эмзэг сэдэв дээр дөрөөлж сошиалаар “тархи угаах” технологи ашиглан иргэдийг төрийн эсрэг “зэвсэг” болгон ашиглах гадаад, дотоодын улс төр, бизнесийн бүлэглэлүүд байгаа нь энэ мэт үйлдлүүдээс харагдаж байна гэхэд буруудахгүй болов уу.
Сүүлийн үед төрийн гурван өндөрлөг хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас дахин сонгогдох хүсэлтэй байгаа. Үүнээс үүдэн Ерөнхий сайдтай түнжин муудсан учраас Засгийн газрыг нь огцруулах, улмаар оруулсан төсвийг нь шүүмжилж, бүхэлд нь хориг тавьсан.
Мөн УИХ-ын дарга хууль зөрчиж төсөв баталсан тул дараагийн УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаярын нэр яригдаж байна гэх мэт мэдээлэл цацагдаж байна. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, дүр зураг, зарим улстөрчийн байр суурь, үг, үйлдлээс ч тэгж харагдаж байгаа.
Гэтэл улс төрийн “хөшигний ард” тэдний бодит дүр төрх өөр байгаа тул эрх баригчдын дунд “яс хаяж” зөрчилдүүлэх улс төр болон бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол байгаа бололтой.
“Тамхины цэг”-ийн мэдээллээр бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаа маш сайн байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа ч 2025 оны төсөв дээр шүүмжлэлтэй хандаж, бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан гэнэ.
Тэгээд ч төрийн ажил зарчмын дагуу явах ёстой болохоос хэн нэгний ашиг сонирхлоор явж болохгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд оруулсан төсвөө хамгаалах, Ерөнхийлөгчийн зүгээс алдаа оноог нь шүүмжлэх, хориг тавих нь эрүүл үзэгдэл тул үүнийг нь улстөржүүлж, эрх мэдэл, албан тушаалын төлөөх зодоон болгож харагдуулах гэсэн ашиг сонирхол хэн нэгэнд байгаа бололтой.
Нөгөө талаар, нийгмийг эрх баригчдын эсрэг хөдөлгөж болох бүхий л боломж, бололцоог ашиглан худал мэдээлэл түгээж, улмаар Монгол Улсын тусгаар тогтнолоо зарласан өдөр буюу 2024.11.26-ны өдөр жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Магадгүй иргэдийг ашиглан, өдөөн турхирч байгаад эрх баригчдад дарамт, шахалт үзүүлэх байдлаар ашиг сонирхлоо хэрэгжүүлэх “технологи” байхыг үгүйсгэхгүй.
Тэгээд ч төрийн үйл ажиллагаа тогтвортой байж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тайван, гадаад дотоодын хөрөнгө оруулалт тогтвортой байвал иргэдийн ахуй, амьдралд эерэг нөлөө үзүүлнэ.
Эсрэгээрээ төрийн бодлого, үйл ажиллагаа тогтворгүй байх тусам эдийн засагт сөргөөр нөлөөлөх тул жирийн иргэдээр бамбай хийж, төрийг “самрах” үйл ажиллагаа хэрэгжиж байхыг үгүйсгэхгүй.