ОХУ-ын байлдааны хөлөг онгоцны флот Куб улсын Хавана хотын буланд хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын тэнгисийн хүчний флот АНУ-тай маш ойртож ирсэн байна.
Тодруулбал цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Казан, Адмирал Горшков зэрэг дөрвөн хөлөг лхагва гарагт /2024.06.12/ Хавана хотын эрэг дээр ирсэн юм. Тэдгээр онгоцнууд Ла Кабанья цайзын тулааны дурсгалд зориулж 21 бууны ёслол хийжээ.
Энэ заншил нь тэнгисийн цэргээс уламжлалтай үүссэн байна. Байлдааны хөлөг онгоц бүх сумаа дуустал далай руу буудаж, ямар нэгэн дайсагнасан зорилго агуулаагүй гэдгээ илэрхийлдэг ёслол юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснээр Куб руу зорчих замдаа Горшков, Казан хоёр Атлантын далайд пуужингийн сургуулилт хийжээ. Тэд 600 км зайд байрлах объектуудад нарийвчлалтай пуужингийн цохилт өгөх туршилт явуулсан байна.
Оросын тэнгисийн цэргийн онгоцнууд Хаванад ирнэ гэдгийг Куб улсын албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Кубын эрх баригчид нөхөрсөг орнуудаас ийм айлчлал хийх нь энгийн үзэгдэл, Казан шумбагч ямар нэгэн цөмийн зэвсэг тээвэрлэхгүй хэмээсэн юм.
Гэхдээ Украины дайны асуудлаар баруун болон ОХУ-ын хооронд үүсээд буй хурцадмал байдал даамжирсан үед Оросын байлдааны онгоцнууд АНУ-д ойртож ирж буй нь анхаарал татав.
Сүүлийн үед барууны орнууд Украиныг барууны зэвсэг ашиглан ОХУ-ын нутаг дэвсгэрт агаарын цохилт өгөхийг зөвшөөрөх болсон. Тэдний нэг нь АНУ байсан юм.
Эх сурвалж: The Guardian