Тесла, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск саяхан “хэтэрхий олон техникийн бус менежэртэй” хэмээн өрсөлдөгч Boeing компанийг шүүмжилжээ.
Даваа гарагийн орой Boeing компани өөрийн зохион бүтээж буй Starliner сансрын хөлгийг анх удаа хөөргөх байсан ч техникийн шалтгааны улмаас хойшилсон юм.
Уг төсөл хэд хэдэн удаа хойшлоод байгаа.
2014 онд NASA өөрийнх нь сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлөг бүтээх захиалгыг Boeing, SpaceX компаниудад өгч байжээ.
Ингэхдээ Boeing компанид $4.2 тэрбум, SpaceX компанид $2.6 тэрбумыг хуваарилсан юм.
Хэдийгээр бага төсөв авсан ч SpaceX компани өөрийн Crew Dragon хөлгийг 2020 оны тавдугаар сард амжилттай хөөргөсөн бөгөөд одоо NASA-гийн сансрын нисгэгчдийн тойрог замд хүрдэг гол унаа болоод байгаа.
Маскийн өчигдрийн мэдэгдэл нь Boeing компани одоо болтол хөлгөө хөөргөж чадахгүй байгааг шүүмжилсэн хэрэг байв.
“Boeing компанид хэтэрхий олон техникийн бус менежэр ажиллаж байна” гэж тэр Х хуудсандаа бичжээ.
Тэрбээр бас SpaceX компани Boeing-оос хамаагүй бага төсвөөр дөрвөн жилийн өмнө хөлгөө амжилттай ашиглалтад оруулж чадсаныг бичсэн байна.
Маск өмнө нь мөн менежэрүүдэд техникийн мэдлэг чадвар маш чухал болохыг хэлж байсан юм.
“Программ хангамжийн менежэр хүн өөрөө код бичих өндөр чадвартай байх ёстой. Үгүй бол морь унаж чаддаггүй морин цэргийн командлагчаас ялгаагүй болно” гэж тэр 2020 онд бичиж байжээ.
Ням гарагийн орой Маск дөрөв дэх ээлжийн цомхотголыг Тесла компанид хэрэгжүүлэхээр болсныг мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сард тэр Тесла компанийн нийт ажиллах хүчний 10 гаруй хувийг цомхотгох төлөвлөгөөг зарлаж байв.
Маск үүнийг “зарим салбар нэгжийн ажил үүргийн функц давхардсантай холбоотой” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Business Insider