Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүний бусад бүх эрхийг хангах хөшүүрэг болдог. Тэр утгаараа ардчиллын үнэт зүйлсийн нэг хэсэг болох эрх чөлөөний тухай ойлголтыг иргэн бүр мэдэж, үнэ цэнийг нь хүндэтгэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ талаарх ойлголтыг нийтэд таниулах, сурталчлах, үнэ цэнийг нь үл мартуулахаас эхлээд зайлшгүй шаардлагууд ихээр гарч байна. Түүний нэг хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө.
Одоогоос 31 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдрийг /2024.05.03/ ;элхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан. Энэхүү тунхаг нь улс орнуудад бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч, цахим мэдээллийн чөлөөт урсгалыг хангах боломжийг бүрдүүлсэн юм.
Хэдийгээр Монгол Улс ардчилсан орон ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарсаар байгаа.
ИНДЕКС УХАРЧ, ЭРХ ЧӨЛӨӨ ХУМИГДАЖ БАЙНА
Хэвлэлийн эрх чөлөө сүүлийн найман жилд хязгаарлагдмал болж байгааг холбогдох албаныхан онцолж буй. Тэгвэл 2016-2023 онд Монгол Улс тус индексд хэд, хэддүгээр байранд жагссан талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.
- 2016 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2015 оныхоос 6 байр ухарсан үзүүлэлт/,
- 2017 онд дэлхийн 180 орноос 69 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2016 оныхоос 9 байр ухарсан үзүүлэлт/
- 2018 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2017 оныхоос 2 байр ухарсан үзүүлэлт/
- 2019 онд дэлхийн 180 орноос 70 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2018 оныхоос 1 байр урагшилсан үзүүлэлт/
- 2020 онд дэлхийн 180 орноос 73 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2019 оныхоос 3 байр ухарсан үзүүлэлт/
- 2021 онд дэлхийн 180 орноос 68 дугаар байрт /энэ нь өнгөрсөн 2020 оныхоос 5 байр урагшилсан үзүүлэлт/
- 2022 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2021 оныхоос 22 байр ухарсан үзүүлэлт/
- 2023 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өнгөрсөн 2022 оныхоос 2 байр урагшлав/
АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН БОЛОХ ЁСГҮЙ!
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг гэмт хэрэг тэр дундаа эрүүгийн хэрэгт хамааруулж авч үздэг ардчилсан улс цөөн. Ардчилсан улсын дөрөв дэх засаглалд чөлөөт хэвлэл мэдээллийг нэрлэдэг мөртлөө, бодит байдал дээр эсрэгээрээ харин ч хараат байх боломжит бүхий л нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээж буй нь харамсалтай. Ингэхдээ хуулиар халхавчилж нийтийн мэдэх эрхийг хясан боогдуулах тохиолдлууд ч их гарч байгаа юм. Угтаа мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтын байгууллага шийдэх ёстой гэдэг зарчимтай. Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргахад хянадаг өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо гэж бий. Гэтэл хуулиар далайлгаж сэтгүүлчдийн эрхэнд халдаж байгаа нь ардчиллын зарчимд халдаж байгаа төдийгүй хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухрахад нөлөөлж байна.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн ёс зүйн алдааг гэмт хэрэг гэж авч үзэх нь олон зүйл дээр эрх чөлөөг хумьж байгаа хэлбэр.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын хэлснээр, иргэд олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт хэрэг үүсгэх, яллагдагчаар татсан нэрийдлээр сэтгүүлчийнхээ ажлыг хийхийг хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл хэрээс хэтэрлээ.
Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, сэтгүүлч Ж.Баттуул гэхчлэн 20 орчим сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Эдгээр сэтгүүлчид улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын зүй бус үйлдлийг шүүмжилж, сэтгүүлчийнхээ ажлыг хийснийх нь төлөө ийнхүү эрүүгийн хуулиар яллагдагч болчихоод шалгагдаж байна. Бид салбараараа тэмцэхгүй бол болохоо больчихож. Энэ өдөр хэдүүлээ тэмцлийн алхам хийхгүй бол болохоо больж байна гэсэн юм.
ЯМАР Ч ХУУЛЬД СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ БАЙХГҮЙ Ч…
Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдах тохиолдол сэтгүүлчдэд олноор тохиолдож байна. Сэтгүүлчийн иргэний эрхийг хааж буй хуулийн заалтууд ч бий.
Эх сурвалж: https://news.mn/r/2719459/