Энэ өвөл ердийнхөөс онцгой дулаан байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байгаа талаар Оросын Онц байдлын яамны Байгал нуур дахь эрэн хайх, аврах отряд мэдээлжээ. Энэ отрядын мэдээгээр, нуурын ус төв хэсэгтээ уур савсаж, гэсгэлэн байгаа бол, хойд тал руугаа 5-7 километр зайд захаараа хөлджээ.
Татлага гарам бүхий Бага нуурын районд мөн ус хөлдөөгүй. Ольхон талаасаа оочин цоочин зайрмагтаж, бусад газраараа нэлдээ хөлдөөгүй, усаараа байгаа юм байна. Өмнөд хэсэгтээ ч мөн мөстөж хөлдөх төлөв харагдахгүй байгаа гэдгийг мэдээлэлд дурджээ. Ердийн үед Байгал нуурын ус өвөлдөө 1-1,5 метр зузаан мөстөж хөлддөг.