Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
· “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.
· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.